Үнэлгээний судалгаа #8: Ашигт ажиллагаа өндөртэй, Хямд хувьцаанууд
ГОЛ ӨНЦӨГ
- 2022 оны эхэнтэй харьцуулахад ТОП 20 компани болон IPO хийсэн компаниудын хувьцаанууд харьцангуй хямд болсон байна. Гэхдээ ашигт ажиллагааны хувьд харилцан адилгүй байна.
- Ханшийн хувьд өсөлттэй байгаа хувьцаа бол Таван Толгой болон Талх Чихэр ХК-ууд байна.
- Харин ханшийн хэлбэлзэл хамгийн бага тогтвортой байгаа хувьцаа бол Инвескор болон Мах Импекс ХК-ууд байна.
Тус судалгаанд бид компанийн голлох үзүүлэлт болох үнэ ашгийн харьцаа (P/E), эздийн өмчийн өгөөж (ROE), хувьцааны ханшийн өгөөж болон хэлбэлзэл гэсэн үзүүлэлтүүдийг ашиглан ТОП 20 болон IPO хийсэн компаниуд үнэлгээний хувьд ямар байдалтай байгааг харьцуулан харуулах юм.
Хөрөнгө оруулах шийдвэр гаргалтад мэдээж компанийн ашигт ажиллагаа болон ашгаас хүртэх боломжтой өгөөжийн хэмжээ хамгаас чухал, үүнийг хэмжиж болох нэгэн үзүүлэлт нь өөрийн хөрөнгийн өгөөж билээ. Өөрийн хөрөнгийн өгөөж гэдэг нь өөрийн оруулсан хөрөнгө нь хэр ашигтай байгааг хэмждэг. Түүнчлэн авах гэж буй компанийн хувьцаа зах зээлд дээгүүр эсвэл доогуур үнэлэгдсэн эсэх мэдээлэл чухал билээ. Үүнийг үнэ ашгийн харьцаа буюу P/E-ээр хэмжих боломжтой бөгөөд энэ нь тухайн компанийн зах зээлийн нэгж хувьцааны үнийг, нэгж хувьцаанд ногдох жилийн ашигтай нь харьцуулж олдог харьцаа юм.
Ханшийн өгөөж гэж: 2022 оны эхний 11 сарын байдлаарх хувьцааны ханшийн өсөлтийн дунджийг авч үзсэн. Энэ нь ханш оны эхнээс дунджаар хэр зэрэг өсөлт болон бууралт үзүүлж байгааг хэмжих үзүүлэлт юм.
Харин ханшийн хэлбэлзэл гэж: Хувьцааны ханшийн өсөлтийн хэлбэлзлийг авч үзсэн. Хэлбэлзэл нь тухайн хөрөнгө оруулалт хэр зэрэг эрсдэлтэй болохыг хэмжихэд ашигладаг. Энэ үзүүлэлт нь бусад хувьцаануудтай харьцуулахад өндөр байх үед арилжааны эрсдэл өндөр, харин бага байх үед эсрэгээрээ байна.
Сүүлийн 5 жилийн хугацаанд компаниудын үнэлгээ ямар байсныг сонирхоцгооё.
2017-2022 оны хоорондох компаниудын үнэлгээ
Ковид цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, хөрөнгийн зах зээл тэсрэлт хийсэн, эдийн засаг сэргэж байгаа нөлөөллүүд компаниудын үнэлгээнд ажиглагдаж байна. Ковид цар тахал эхэлсэн үеэс эхлэн ТОП 20 компани болон IPO хийсэн компаниудын хувьд үнэ өсөж, өгөөж буурсан дүр зурагтай байлаа. Харин 2021 он бол Дэлхийн хувьцааны зах зээл болон Монголын хөрөнгийн зах зээлийн хувьд өсөлтийн жил байлаа. 2021 оны төгсгөлд Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) индексүүд бүгд өсөлттэй байсан төдийгүй МХБ-д бүртгэлтэй компаниудын нийт зах зээлийн үнэлгээ өмнөх онтой харьцуулахад 98%-аар өсөж 5.98 их наяд төгрөг хүрсэн байна. Энэ үед ТОП 20 компанийн хувьд үнэ болон өгөөж өссөн бол IPO хийсэн компаниудын үнэ тогтворжиж өгөөж мөн адил өссөн байна. Харин эсрэгээр 2022 он гарснаар хөрөнгийн зах зээл оны эхнээс уналттай хэвээр байна. ТОП 20 компанийн хувьд өгөөж өссөн хэдий ч үнэ буурсан хэвээр байна. Харин IPO хийсэн компаниудын хувьд үнэ болон өгөөж 2021 онтой харьцуулахад харьцангуй буурсан үзүүлэлттэй байна. Цаашлаад дэлгэрүүлэн 2022 онд компаниудын үнэлгээ хэр байгааг харцгаая.
2022 оны 11-р сарын компаниудын үнэлгээ
TOП 20 болон IPO шинээр хийсэн компаниудын 2022 оны үнэ ашгийн харьцаа 11-р сарын байдлаар 3.9x-40.0x хооронд байгаа ба дундаж нь өмнөх сартай ойролцоо байна. Харин эздийн өмчийн өгөөжийн дундаж тус тус 22% болон 18% байна.
ТОП 20 компанийн хувьд дараах байдалтай байна.
P/E харьцаа болон ROE:
I хэсэг: Хамгийн хямд, өндөр өгөөжтэй – Мах Импекс, АПУ, Инвескор болон Таван Толгой ХК-ууд.
II хэсэг: Хамгийн хямд, бага өгөөжтэй – Дархан Нэхий, Талх Чихэр, Түмэн шувуут, Мандал даатгал болон ЛэндМН ХК-ууд.
III хэсэг: Үнэтэй, бага өгөөжтэй –Сүү, Ард Даатгал, Бодь даатгал болон Ард Кредит ХК-ууд.
Монос Хүнс ХК нь дундаж шугаман дээр байна.
Харин IPO хийсэн компаниудын хувьд дараах байдалтай байна.
I хэсэг: Хамгийн хямд, өндөр өгөөжтэй – Богд Банк, ЛэндМН, Мандал даатгал, Төрийн банк, Сэндли, Түмэн шувуут, Инвескор болон Монос Хүнс ХК-ууд.
II хэсэг: Хамгийн хямд, бага өгөөжтэй – Монгол Базальт ХК.
III хэсэг: Үнэтэй, бага өгөөжтэй –Ард даатгал, Ард Кредит болон Бодь даатгал ХК-ууд.
Өмнөх сартай харьцуулахад хувьцаануудын хувьд харьцангуй хөдөлгөөнгүй тогтвортой байна.
Гэхдээ дан ганц энэхүү харьцаануудад тулгуурлан хямд, үнэтэй, ашигт ажиллагаа өндөр, бага гэж хувьцааг дүгнэх нь учир дутагдалтай юм. Тиймээс нэмэлтээр хувьцааны ханшийн өгөөж болон хэлбэлзлийг авч үзлээ.
Тэгвэл оны эхэнтэй харьцуулахад I ангиллын компаниудын ханш хэр өсөлт үзүүлсэн, ханшийн эрсдэл ямар байгааг харцгаая.
Ихэнх хувьцаануудын хувьд оны эхэнтэй харьцуулахад ханш уналттай байгаа хэдий ч эсрэгээр өсөлттэй байгаа хувьцаа бол Талх Чихэр болон Таван Толгой ХК-ууд байна. Эдгээр хувьцаануудын ханшийн хэлбэлзэл нь дундажтай ойролцоо түвшинд байна. Харин Инвескор болон Мах Импекс ХК-уудын хувьд ханшийн өгөөж харьцангуй тогтвортой байгаа төдийгүй ханшийн хэлбэлзэл бусад компаниудтай харьцуулахад хамгийн бага байна.
Ард санхүүгийн нэгдэл, Ард даатгал, Ард Кредит, Түмэн шувуут болон Монгол Шуудан ХК-уудын хувьд ханшийн өгөөж хамгийн өндөр алдагдалтай буюу (-33%)-(-50%)-ийн хооронд байна. Түүнчлэн ханшийн хэлбэлзэл дунджаас өндөр буюу хамгийн өндөр хэлбэлзэлтэй 5 хувьцаанд орж байна.

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:
2022 оны 11 дүгээр сарын байдлаар TOП 20 болон IPO хийсэн компаниудын үнэ ашгийн харьцаа болон өгөөж өмнөх сартай харьцуулахад харьцангуй тогтвортой байна. Түүнчлэн статистикаас харвал TOП 20 болон IPO хийсэн компаниудын үнэ ашгийн харьцаа өмнөх үетэй харьцуулахад түүхэн дунджаас бараг 2 дахин хямд үнэд ирээд байгаа бол өөрийн хөрөнгийн өгөөж өссөн үзүүлэлттэй байна. Харин салбаруудын хувьд авч үзвэл Хүнсний салбарын үнэлгээ болон өгөөж ТОП 20 компанийн дундажтай харьцангуй ойролцоо бол Банк, санхүү, даатгалын салбаруудын үнэлгээ эсрэгээр ТОП 20 компанийн дунджаас өндөр болж, өгөөж буурсан байна. Тэр дундаа ББСБ болон Даатгалын салбарын үнэ өндөр, өгөөж харьцангуй бага байгаа бол Банкны салбарын үнэ харьцангуй хямд, өгөөж өндөр байна. ББСБ болон Даатгалын салбарын энэ үзүүлэлтэд Ард даатгал болон Ард Кредит ББСБ-ийн нөлөө хамгийн их байна.
Гэхдээ үнэ хямд, өгөөж өндөр хэдий ч ханшийн хэлбэлзэл өндөр хувьцаанууд эсрэгээрээ ханшийн хэлбэлзэл бага буюу эрсдэл бага мөртлөө алдагдалтай үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаанууд байгаа юм. Жишээ нь АПУ ХК болон Түмэн Шувуут ХК-ийн хувьд ханш харьцангуй хямд, ашигт ажиллагаа өндөртэй хэдий ч хувьцааны ханшийн бууралт дунджаас өндөр байна. Гэхдээ АПУ ХК-ийн ханшийн хэлбэлзэл бага байгаа бол Түмэн Шувуут ХК-ийн хувьд эсрэг үзүүлэлттэй байна. Харин Би Ди Сек ХК болон Говь ХК-ийн хувьцааны хувьд энэ оны хагас жилийн байдлаар алдагдалтай ажилласан хэдий ч ханшийн бууралт дунджаас бага төдийгүй ханшийн хэлбэлзэл бага байна.
Иймд юунд хөрөнгө оруулахаа шийдэхдээ хөрөнгө оруулалтын зорилго, эрсдэл даах чадварт нийцүүлэх хэрэгтэй юм.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Ашигт ажиллагаа
Үнэлгээ
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх