Өнөөдөр Монголд: 2022Q3 Эдийн засгийн өсөлтөд уул уурхайн бус салбаруудын сэргэлт нөлөөлж байна
ГОЛ ӨНЦӨГ
- Энэ оны III улирлын байдлаар ДНБ 3.7%-аар өсөв.
- Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахгүй. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс төлнө.
- Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 34.4 хувиар өсөж, ₮2.7 их наяд болов.
Энэ оны III улирлын байдлаар ДНБ 3.7%-аар өсөв.
Энэ оны III улиралд 2015 оны зэрэгцүүлэх үнээрх ДНБ бүтээгдэхүүн 20.3 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 3.7%-аар өссөн бол улирлын нөлөөллийг арилгасан ДНБ 1.7%-ийн өсөлттэй гарлаа. 2015 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон ДНБ энэ оны I улиралд эдийн засаг 3.9 хувиар агшиж байсан бол II улиралд 1.9 хувиар тэлсэн юм. Харин улирлын нөлөөллийг арилгасан ДНБ энэ оны I болон II улиралд -1.7% болон -0.3%-аар агшиж байсан бол энэ улиралд өсөлттэй гарлаа
III улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн ийнхүү өсөхөд уул уурхайн бус салбаруудын сэргэлт голлон нөлөөлжээ. Тухайлбал: хөдөө аж ахуйн салбар 10.2%-аар өсөж, үйлчилгээний салбарынх 5.3%-аар өссөн байна. Харин уул уурхайн салбар 17.3%-аар буурсан байна. Ерөнхийдөө уул уурхай, барилга, тээврийн салбараас бусад салбар цар тахлаас өмнөх үеийн түвшинд хүрсэн гэж Монголбанк үзэж байна.
Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахгүй. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс төлнө
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.
“Цар тахлын тухай хуулийн дагуу хоёр жилийн хугацаанд ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулсан. Хуулиараа бол 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд ипотекийн зээлээ төлж эхлэх байв. Гэвч УИХ-ын ажлын хэсэг ипотекийн зээлийн төлөлтийг 2023 оны долдугаар сар хүртэл хойшлуулах талаар судалж буйгаа хэлсэн. Тэгвэл ЗГ болон УИХ-ын ажлын хэсэг хэлэлцээд ипотекийн зээлийг төлөлтийг ирэх оноос хэвийн үргэлжлүүлэхээр болжээ.
Эргэн төлөлтийг хойшлуулах нь дараагийн зээлд сөргөөр нөлөөлж байгаа. Тиймээс УИХ Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг батлахдаа ипотекийн зээлийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хуучнаар нь төлнө гэж шийдвэрлэсэн" гэлээ.
Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 34.4 хувиар өсөж, ₮2.7 их наяд болов
2022 оны эхний 10 сарын байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдэл 22.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.7 (13.6%) их наяд төгрөгөөр өссөн байна.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 82.9 хувийг хэвийн зээл 11.7 хувийг чанаргүй зээл, 5.4 хувийг хугацаа хэтэрсэн зээл эзэлсэн байна. Тайлант хугацаанд банкны системийн хэмжээгээр чанаргүй зээлийн эзлэх хувь хэмжээ өмнөх оны мөн үеэс 34.4 хувиар огцом өсөж, 2.7 их наяд төгрөг хүрчээ. Ингэхдээ дийлэнх буюу 80 хувийг хувийн салбарын чанаргүй зээл эзэлсэн байна. Харин салбараар ангилан харвал чанаргүй зээлийн 21.5%-ийг уул уурхайн, 16.2%-ийг боловсруулах үйлдвэрлэлийн, 14.7%-ийг барилгын болон 10.7%-ийг худалдааны салбар эзэлж байна.
Цар тахлын үед эдийн засгийг дэмжих хүрээнд иргэдийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах болон активын ангилалд түр өөрчлөлт оруулах зэрэг бодлогын үр дүн одоо илэрч байгааг эдийн засагчид мэдээлж байгаа юм.
Цаашид хэт их зээлийн өрийн дарамт үүсгэхгүйн тулд зээлээ боломжит хэмжээгээр эргэн төлж байх нь илүү үр дүнтэй болохыг зээлдэгчид ойлгож, санхүүгээ зохицуулах нь зүйтэй гэдгийг Монголбанкнаас онцолж байв.
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Эдийн засаг
Зээл
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх