Савласан цэвэр усны зах зээлд тэргүүлэгч MGL aqua-ийн IPO эхэллээ
ГОЛ ӨНЦӨГ
- "MGL aqua" нь Монголын зах зээлд биет хэмжээгээрээ савласан усны зах зээлийн 30 гаруй хувийг дангаар эзэлдэг тэргүүлэгч компани юм.
- "South Gobi Voyage" төслийн хүрээнд Өмнөговьд шинэ үйлдвэр ашиглалтанд орсноор зах зээлд эзлэх хувь нэмэгдэж, борлуулалтын орлого өсөх хандлагатай байна.
- Тус компани нь эрүүл ахуйд нийцсэн чанартай үйлдвэрлэл болон хямд үнийн бодлого баримталж илүү олон хэрэглэгчдэд хүрсээр байна.
“MGL aqua”–ийн хувьцааны үнэлгээ үнэтэй юу эсвэл хямд уу?
Савласан цэвэр усны үндэсний хамгийн том бөгөөд анхны үйлдвэрлэгч “MGL Aqua” компани нь хөгжлийнхөө дараагийн шатыг эхлүүлж өнөөдөр буюу 2024.05.15-ны өдөр анхдагч арилжаагаа эхлүүлллээ.
Тус бизнесийн үнэлгээ Мөнгөн урсгал хорогдуулалтын аргаар тооцоолоход ₮66.5 тэрбум байгаа ба тус үнэлгээнээс 14.24% хорогдуулж ₮57 тэрбумаар хямдруулан үнэлжээ. Ингэснээр нэгж хувьцааны үнэ ₮202.9-өөс ₮174.0 болж илүү хямдаар арилжаалагдаж байгаа юм. Сонирхуулахад 2023 оны 1 улирлын байдлаар P/B харьцаа 1.6, P/E харьцаа 10.83 байгаа ба ROE 53.4% байна.
- Нийтэд санал болгох хувь: 26.73%
- Нийт татан төвлөрүүлэх дүн: ₮15.2 тэрбум
- Захиалга авах хугацаа: 2024.05.15 - 05.21

Яагаад "MGL aqua" компанийн хувьцаа гэж?
- “Voyage” цэвэр усны үйлдвэр нь Монголын хамгийн том савласан цэвэр усаар дагнасан үйлдвэр бөгөөд Монголын цэвэр усны үйлдвэрлэлийн 32.1%-ийг үйлдвэрлэдэг. Цаашид Монгол Улсын савласан усны хэрэгцээг дангаар бүрэн хангах хүчин чадалтай үйлдвэр юм.
- Монгол Улсын нэг хүнд ногдох савласан усны жилийн хэрэглээ 10 жилийн хугацаанд тасралтгүй өссөн бөгөөд тус компани нь цаашид ч өсөх боломжтой энэхүү зах зээлд үйл ажиллагаа явуулж байна.
- Тус компани нь 120 метрийн гүний цэвэр усыг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий 6 давхар шүүлтүүрээр тэнцвэржүүлэн хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартад нийцсэн цэвэр усыг зах зээлдээ боломжит хямд үнээр илүү олон хэрэглэгчдэд хүрч байна.
- Тус компани нь нээлттэй компани болсноор жил бүр цэвэр ашгийн 40% хүртэлх хэмжээгээр ногдол ашиг олгон тогтвортой ногдол ашгийн бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
- Бизнесийн үнэлгээнээс 14.24%-р хямдруулалттай үнэлгээгээр нэгж хувьцааны үнэлгээгээ гаргасан.
Тэдний дунд хугацааны төлөвлөгөө юу вэ?
Бүтээгдэхүүний төрөлжилт: Д витаминтай ус, Фтороор баялаг ус, том савлагаатай ус, шилэн савлагаатай ус зэргээр бүтээгдэхүүний төрөлжүүлэлтээ нэмэгдүүлэх зорилготой байна.
Нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг хангах: Жижиг савлагааны 2, том савлагааны 2 үйлдвэрлэлийн шугам суурилуулснаар жилд 278 сая литр ус зах зээлд нийлүүлэх боломжтой байна. Ингэснээр борлуулалтын тоо ширхэг 30 хувь хүртэл өсөх боломжтой гэж үзэж байна.
Борлуулалтын хил хязгаараа тэлэх: Тэдний борлуулалтын бүсчилсэн тэлэлтийн анхны төсөл бол “South Gobi Voyage” юм. 2024 онд Уул уурхай төвлөрсөн бүс буюу Өмнөговь аймагт үйлдвэр барихаар судалгаа бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлээд явж байна.
Яагаад Өмнөговь аймаг гэж?
Тус аймагт оршин суугчид худалдан авах чадвар өндөртэй ба нэг хүнд ногдох ДНБ нь Монгол улсын дунджаас 66%-аар өндөр буюу ₮26.1 сая байна. Мөн уул уурхайн бүс нутаг учир усны хэрэгцээ шаардлага өндөртэй. 2028 он гэхэд тус аймгийн цэвэр усны жилийн хэрэглээ 20,000 орчим тонн ус болохоор төсөөлөлтэй байгаа аж.
2024 оноос тус аймагт цэвэр усны үйлдвэр ашиглалтад орсноор Өмнөговь аймгийн савласан усны зах зээлийн 30-50 %-ийг бүрэн хангах боломжтой.

Тэд олон нийтэд нээлттэй хувьцаагаа гаргаж татан төвлөрүүлсэн хөрөнгөө өөрсдийн дунд хугацааны төлөвлөгөөний дагуу зарцуулах юм. Ингэснээр цаашдаа зах зээлд эзлэх хувь болон борлуулалтын орлого нэмэгдэж хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө өсөх боломжтой харагдаж байна.

ДҮГНЭЛТ
Тус компаниийн хувьд Монголын савласан цэвэр усны зах зээлд борлуулалтын биет хэмжээгээрээ 30 гаруй хувийг эзэлдэг тэргүүлэгч компани бөгөөд Монголын хамгийн том цэвэр усаар дагнасан үйлдвэр юм. IPO хийж буй үнийн хувьд бизнесийн үнэлгээнээс 14.24%-аар хорогдуулсан үнээр буюу нэгж хувьцааны үнэ ₮174-өөр гарч байна. Тус компани татан төвлөрүүлсэн хөрөнгийн 40% орчимыг "South Gobi Voyage" төслийн хүрээнд Өмнөговь аймагт баригдах шинэ үйлдвэр нээх төслийн хөрөнгө оруулалтад зарцуулна. Үйлдвэр ашиглалтанд орсноор тум аймгийн зах зээлд эзлэх хувь нэмэгдэж, орлогын эх үүсвэр нэмэгдэж, борлуулалтын орлого өсөх хандлагатай байна. Татан төвлөрүүлсэн хөрөнгийн 30% орчмыг том савлагаатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шугамд зарцуулах ба үлдсэн хувийг трансформатор болон эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ. Ийнхүү татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө бизнесийн хэмжээгээ улам томруулж, борлуулалтын орлого болон цэвэр ашиг нэмэгдэх боломжтой харагдаж байна.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал ҮЦК
Хувьцаа
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх