Инвескор ББСБ нь ₮50 тэрбумын нээлттэй бондын хөтөлбөр хэрэгжүүлнэ
ГОЛ ӨНЦӨГ
- Санхүүгийн Зохицуулах Хорооноос “Инвескор ББСБ” ХК-д нийт 50 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий "Invescore Bond 2.0" нээлттэй бондын хөтөлбөр гаргах зөвшөөрлийг олголоо.
- Инвескор ББСБ нь 2022 оны 3-р улирлын байдлаар ББСБ-ын салбарын нийт хөрөнгө, зээл болон цэвэр ашгийн 10%-ийг дангаар бүрдүүлж байна.
- МХБ-ын I ангилалд бүртгэлтэй ББСБ-уудтай харьцуулахад ханшийн өсөлт, арилжааны идэвх болон санхүүгийн үзүүлэлтээрээ тэргүүлж байна.
Санхүүгийн Зохицуулах Хорооны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ээлжит хуралдаанаар нийт 50 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий "Invescore Bond 2.0" нээлттэй бондын хөтөлбөр гаргах зөвшөөрлийг “Инвескор ББСБ” ХК-д олголоо. Тус компани бондоо хэсэгчлэн гаргах замаар нийт 50.0 тэрбум төгрөгийн санхүүжилт татан төвлөрүүлэх юм.
ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨСӨЛТ
ББСБ-уудын IPO хийснээс хойш хувьцааны ханшийн хөдөлгөөнийг ажиглахад Инвескор ББСБ-ын өсөлт 163% (жилийн дундаж өсөлт 33%) байгаа нь бусад компаниудтай харьцуулахад өндөр өсөлт юм. Мөн ханшийн хөдөлгөөн нь тогтвортой өсөлттэй байгааг графикаас харж болохоор байна.
ХУВЬЦААНЫ ҮНЭЛГЭЭ
Үнэ дансны үнийн харьцаа (P/B) болон үнэ ашгийн харьцаа (P/E) бага байх тусмаа сайн үзүүлэлт болдог хэдий ч үнэ дансны үнийн харьцааны хувьд компанийн үйл ажиллагаа явуулдаг салбараас хамааран өөр байдаг билээ. Түүнчлэн үнэ дансны үнийн харьцаа хэт өндөр байх нь компанийн хувьцааны ханш хэт хөөрөгдөлтэй байгааг илтгэж болох бол нөгөө талдаа P/B харьцааны өндөр түвшинд P/E харьцааны бага байвал бага хэмжээний өөрийн хөрөнгөөр ашигтай үйл ажиллагаа явуулж байгааг илэрхийлж болох юм.
Эдгээр үзүүлэлтүүдээр одоогийн байдлаар Ард Кредит ББСБ-ын хувьцааны ханш бодит үнээс хазайж, хямд үнэлгээтэй биш болж, эздийн өмчийн өгөөж буурсан байгаа харагдаж байна. Инвескор ББСБ-ын хувьд эздийн өмчийн өгөөж дунджаас дээгүүр байгаа ба үнэ дансны үнийн харьцаа дунджаас өндөр түвшинд, үнэлгээний харьцаа дунджаас бага байгаа нь бага хэмжээний өөрийн хөрөнгөөр ашигтай үйл ажиллагаа явуулж байгааг илэрхийлж болох юм. Харин ЛэндМН ББСБ-ын эздийн өмчийн өгөөж дундаж дээр байгаа ба үнэ нь бодит үнэлгээтэй ойролцоо гарчээ. Гэсэн хэдий ч энэ жилийн ББСБ-уудын гүйцэтгэл хэр байхаас цаашид үнэхээр хямд үнэлэгдсэн эсэх мөн зөвхөн тухайн жилийн ашгийн өсөлттэй холбоотой үнэлгээний харьцаа бага гарсан эсэхийг таамаглах боломжтой юм.
САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Ашгийн маржин ба чанаргүй зээл
ББСБ-ын гол үйл ажиллагаа зээл олголт билээ. Тиймдээ ч хамгийн чухал үзүүлэлт бол чанаргүй зээлийн хувь юм.
2022 оны 3-р улирлын байдлаар Инвескор ББСБ нь хамгийн бага чанаргүй зээлтэй бөгөөд цэвэр ашгийн маржин нь хамгийн өндөр байна. ББСБ-ын салбарын чанаргүй зээлийн хувь энэ улиралд 7.3% байгаа ба Инвескор болон ЛэндМН ББСБ-ын хувьд салбарын дунджаас бага үзүүлэлттэй байгаа бол Ард Кредит ББСБ-ын хувьд салбарын дунджаас 2 дахин өндөр үзүүлэлттэй байна.
Голлох санхүүгийн үзүүлэлт
2022 оны 3-р улирлын байдлаар санхүүгийн байдлын тайлан болон орлогын тайланг харахад бүх үзүүлэлтээр буюу нийт актив, өөрийн хөрөнгө, зээлийн багц, хүүгийн орлого, цэвэр ашиг болон өөрийн хөрөнгийн өгөөжөөр Инвескор ББСБ тэргүүлж байна. Энэ нь тухайн компанийг салбартаа тэргүүлэгч шилдэг ББСБ гэдгийг батлан харуулж байгаа юм. Харин Ард Кредит ББСБ-ын хувьд өмнөх оны мөн үеэс нийт хөрөнгө болон зээлийн багц 2%-аар өссөн байгаа бол цэвэр ашиг 5.5 дахин буурсан буюу ашигт ажиллагаагаар хамгийн бага байна. ЛэндМН ББСБ-ын хувьд актив болон зээлийн багц 32% болон 53%-ийн тус тус өсөлттэй гарсан бол цэвэр ашиг 27%-ийн бууралттай байна. Гэсэн хэдий ч ЛэндМН-ийн хувьцааны үнэлгээ харьцангуй хямд байна.

ББСБ-ЫН САЛБАРЫН ҮЗҮҮЛЭЛТ
САЛБАРЫН ТУХАЙ
2022 оны 3-р улирлын байдлаар ББСБ салбарт 522 ББСБ үйл ажиллагаа явуулж байна. Салбарын нийт актив өмнөх оны мөн үеэс 38 хувиар өсөж 3.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ үзүүлэлт нь банкны салбарын 8.2%-тай тэнцэж байгаа бөгөөд цаашид энэ хувиа хадгална гэж үзвэл ирэх 5 жилд 2 дахин тэлэх боломжтой харагдаж байна.
Салбарын нийт цэвэр ашиг 235 тэрбум төгрөгт хүрсэн ба сүүлийн 5 жилд ашигт ажиллагаа нийт 200 гаруй хувийн өсөлттэй байна. ББСБ-уудын ашигт ажиллагаа огцом өсөлт үзүүлж өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт орлогын хэмжээ 76.4 хувиар буюу 270.6 тэрбум төгрөгөөр, нийт зардлын хэмжээ 88.8 хувиар буюу 183.4 тэрбум төгрөгөөр, цэвэр ашгийн хэмжээ 59.0 хувиар буюу 87.3 тэрбум төгрөгөөр өсөж 235 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Харин Инвескор ББСБ нь 3-р улирлын байдлаар салбарын нийт хөрөнгө, нийт зээл болон цэвэр ашгийн 10-11%-ийг дангаар бүрдүүлсэн байна.

ДҮГНЭЛТ
ББСБ-ын голлох үзүүлэлт болох ашигт ажиллагаа, хөрвөх чадвар болон үнэлгээг харахад Инвескор ББСБ тэргүүлсэн үзүүлэлттэй гарсан бол ЛэндМН ББСБ-ын хувьд ашигт ажиллагаа буурсан ч үнэлгээ харьцангуй хямд байна. Харин Ард Кредит ББСБ-ын эздийн өмчийн өгөөж буурч, хувьцааны ханш нь хазайж хямд биш болж байгааг илтгэсэн билээ. Гэсэн хэдий ч 2022 оны эцэст компанийн ашигт ажиллагааг ажиглах шаардлагатай хэмээн үзэж байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үгс:
ББСБ
хөрвөх чадвар
санхүүгийн үзүүлэлт
салбар
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх