"Говь" ХК биржийн бүртгэлээс хасагдаж хаалттай компани болох уу?

2024 он 4 сар 25 өдөр
990
0

ГОЛ ӨНЦӨГ

  • “Таван Богд Холдингс” ХХК Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа тул Монгол улсын хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд "Говь" ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчдээс хувьцаагаа худалдан авах санал гаргасан.
  • Харин жижиг хувьцаа эзэмшигчид хувьцаагаа худалдах эсэх нь тухайн хөрөнгө оруулагчийн шийдвэр юм. Хөрөнгө оруулагчид хувьцаагаа заавал худалдах үүрэг хүлээгээгүй.
  • Үүнийг “Мон Бийф” компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгож биржийн бүртгэлээс хассантай ижилтгэн ойлгох нь өрөөсгөл юм.

Шаардах эрх хэрэгжүүлэх гэдэг нь юу гэсэн үг вэ?

Говь ХК-ийн гол хувьцаа эзэмшигч "Таван Богд Холдингс ХХК" нь 2024 оны 3-р сарын 15-ны өдөр МХБ-ийн арилжаагаар "Говь" ХК-ийн нийт 257,495,975 ширхэг хувьцааг нэгж бүрийг нь 255 төгрөгөөр, нийт 65.66 тэрбум төгрөгөөр Япон талын хөрөнгө оруулагчаас худалдан авсан юм. Ингэснээр "Таван Богд Холдингс" ХХК  нь "Говь" ХК-ийн нийт гаргасан хувьцааны 84.29%-г эзэмших болов. Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Монгол улсын компанийн тухай хуулийн 53.2-т зааснаар "Хувьцаа эзэмшигч дангаараа, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны 75 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа, түүнчлэн төрийн өмчийн эзэмшилд байсан компанийн хувьцааны хяналтын багцыг хувьчлан авсан тохиолдолд бусад энгийн хувьцаа эзэмшигч хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй" гэж заажээ.

Иймээс “Таван Богд Холдингс” ХХК нь Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа тул "Говь" ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийг эрхээ эдлэх боломжийг хангах зорилгоор өөрсдийн хууль ёсны үүргээ биелүүлж "Говь" ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчдээс хувьцаагаа худалдан авах санал гаргасан. Саналын дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Жижиг хувьцаа эзэмшигчид хувьцаагаа заавал зарах үүрэгтэй юу?

Компанийн тухай хуулиар "Таван Богд Холдингс ХХК" нь жижиг хувьцаа эзэмшигчдээс худалдан авах үүрэгтэй. Харин хөрөнгө оруулагчид худалдах эрхтэй. Гэхдээ үүрэг хүлээхгүй. Иймээс хувьцаагаа худалдах эсэх нь хөрөнгө оруулагчдын бүрэн эрхийн асуудал юм. "Говь" ХК-ийн хувьцааг нэгж бүрийг нь  268.26 төгрөгөөр худалдан авах саналыг "Таван Богд Холдингс" ХХК гаргасан байна. 

Компанийн тухай хуулийн 53.5-т зааснаар "Хувьцаа эзэмшигчийн шаардлагаар эргүүлэн худалдаж авах хувьцааг энэ эрх үүсэх үеийн зах зээлийн үнээр худалдан авна" гэжээ. Уг эрх үүсэх үе буюу 2024 оны 3-р сарын 15-нд нэгж хувьцааны үнэ Монголын хөрөнгийн биржид 250 төгрөг байв.

Хэрэв хөрөнгө оруулагчид энэхүү үнийг хангалттай бодит үнэ гэж үзэхгүй байвал хувьцаагаа худалдах албагүй бөгөөд эсрэгээр уг нөхцөлтэй санал нийлэхгүй бол шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Компанийн тухай хуулийн 54.7-д зааснаар "Хувьцаагаа эргүүлэн худалдаж авахаас татгалзсан, эсхүл өөрийн хувьцааг эргүүлэн худалдаж авахаар төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон зах зээлийн үнийг бодитой бус гэж үзвэл хувьцаа эзэмшигч нь энэ талаарх гомдлоо уг шийдвэр гарснаас хойш гурван сарын дотор шүүхэд гаргаж болно" гэжээ.

"Говь ХК" биржийн бүртгэлээс хасагдаж хаалттай компани болох уу?

Одоогийн өрнөж буй үйл явдал нь зөвхөн Монгол улсын компанийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, жижиг хувьцаа эзэмшигчдийг эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэх зорилготой юм. Иймээс "Говь" ХК хаалттай компани болно гэсэн утгыг илэрхийлэхгүй ба  “Мон Бийф” компанийг биржийн бүртгэлээс хасаж, хаалттай компани болгосонтой ижилтгэн ойлгох нь өрөөсгөл юм. 

Япон талын хөрөнгө оруулагч ямар өгөөж хүртсэн бол?

2007 онд "Говь" ХК нь хувийн эзэмшилд бүрэн шилжсэн байдаг. Тухайн үед буюу 2007 оны 1-р сард ханш 17.5 төгрөг байсан бол өдгөө 260 төгрөгт хүрч 15 дахин өсөөд байгаа юм. Харин ам.доллараар илэрхийлбэл ханш 1.51 центээс 7.76 цент болж 5 дахин өсчээ. Монголын үйлдвэрлэлийн салбараас өндөр өгөөж хүртэж, эцэст нь амжилттай гарч чадсан гадаад хөрөнгө оруулагчид олон биш болов уу.

 

Түлхүүр үгс:

Говь ХК

Хувьцаа

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)