МХБ I ангиллын ХК-уудын хөрвөх чадвар 4-р сард 46% буурчээ
ГОЛ ӨНЦӨГ:
- Сүүлийн 5 жилийн хугацаанд Монголын хөрөнгийн биржийн I ангиллын 22 хувьцаат компанийн өдрийн дундаж арилжааны дүн 3.5 дахин өсөж, 2022 оны байдлаар 23.1 сая төгрөгт хүрээд байна.
- АПУ ХК-ийн үнэлгээ 166 тэрбум буурсан ба хөрвөх чадвар нь өмнөх оноос 21%-иар нэмэгджээ.
- 2022 оны 4-р сарын I ангиллын хувьцаануудын өдрийн дундаж арилжаа өмнөх сартай харьцуулахад 46%-иар буураад байна.
2017 онд Монголын хөрөнгийн биржийн I ангиллын хувьцаат компаниудын өдрийн дундаж арилжаа 6.7 сая төгрөг байсан бол 2022 онд 23.1 сая төгрөг болтлоо өссөн нь хувьцаат компаниудын хөрвөх чадвар төдий хэмжээнд нэмэгдэж байгааг илтгэж байгаа юм. Хэдийгээр Монгол улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил сул, хөрвөх чадвар муу гэж яригддаг хэдий ч сүүлийн жилүүдэд ийнхүү арилжаа идэвхжиж байгаа нь дотоодын зах зээл дээр хөрөнгө оруулагчид шинээр орж ирэх сонирхлыг нэмэгдүүлээд байна.
Өмнөх судалгаан дээр дурдсанчлан 2021 онд ковидын дараах сэргэлтийн үе эхэлж, өндөр дүнгээр CU брэнд, Богд банкны IPO гарахын зэрэгцээ ашигт ажиллагаа өндөртэй компаниудын хувьцааны ханш хэд нугарч өссөн нь зах зээлийн хөрвөх чадварыг түүхэн дээд хэмжээнд хүргэхэд нөлөөлсөн бол 2022 оны 4-р сарын байдлаар I ангиллын хувьцаануудын өдрийн дундаж арилжаа 23.1 сая төгрөг болж 2021 оны үзүүлэлттэй тун ойрхон байгаа нь компаниудын хөрвөх чадвар улам нэмэгдэж байгааг илтгэж байгаа юм.
3 болон 4-р сард нэлээдгүй хэдэн хувьцаат компанийн бүртгэлийн огноо төвлөрсөнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчдын дунд арилжаа хийх давтамж ихэссэн үзүүлэлттэй харагдаж байна.
2022 оны өдрийн арилжааны дундаж 2021 оны дундаж руу дөхсөн хэдий ч сар бүрээр задлан харахад хувьцааны хөрвөх чадвар буурч байгаа дүр зураг ажиглагдаж байгаа юм. 2022 оны 4-р сарын өдрийн арилжааны дундаж өмнөх саруудаас хамгийн бага дүнтэй гарсан ба өмнөх сараас 46%-иар бага арилжаа хийгдсэн байгааг харж болох билээ.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ
2022 онд ногдол ашгийн судалгаа дээр дурдсанчлан нэлээдгүй компаниуд ногдол ашиг тараасан ба 3 сарын сүүл хавиар болон 4-р сард тус компаниудын бүртгэлийн өдрүүд төвлөрсөн билээ. Энэ нь ногдол ашиг тараахаар зарласан компаниудын хөрвөх чадварт ихээхэн нөлөөлж байгаа юм. Тус үйл явдлыг АПУ ХК-ийн хувьцааны өдрийн дундаж арилжаанаас харах боломжтой байна.
АПУ ХК-ийн өдрийн арилжааны идэвхийг ажиглахад 3-р сарын 23-наас бүртгэлийн огноо хүртэл тус компанийн арилжааны идэвх эрчээ авч, өдрийн дундаж арилжаа нь 77.4 сая төгрөгт хүрч, бүртгэлийн өдрөөс хойш хөрөнгө оруулагчид хувьцаагаа зах зээлд нийлүүлж байгаа үзэгдэл нь хөрвөх чадварыг хөөрөгдүүлж байгаа ажээ. 2022 оны 4-р сарын 11-ний байдлаар тус компанийн үнэлгээ 166 тэрбум төгрөг буурсан ажээ.
Ард Санхүүгийн Нэгдлийн хувьд 2022 оны 1 болон 2-р сард өдрийн арилжааны дундаж ихэссэн нь lock up period-тэй холбоотой байх магадлалтай юм. Lock up period гэдэг нь хувьцааг худалдан авснаас хойш тодорхой хугацаанд эзэмших ёстой байдаг ба тус хугацаа дуусахад хувьцааг чөлөөтэй арилжих бүрэн боломжтой бөгөөд Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулагчид тус хугацаа дуусмагц хувьцаагаа зах зээл рүү нийлүүлж тус хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлжээ хэмээн үзэж байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргээд явдаг ба хэрвээ та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Монголын Хөрөнгийн Бирж
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх