"АПУ" ХК-ийн нийт хөрөнгийн хэмжээ 1 их наядад хүрлээ
ГОЛ ӨНЦӨГ
- Апу ХК-ийн 2023 оны борлуулалтын орлого ₮1.1 их наядад хүрч, өмнөх оны мөн үеэс 31% өслөө.
- Компанийн нийт хөрөнгийн хэмжээ 21% өсөж ₮1.0 их наядад хүрсэн байна.
- Өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 17.1%, нийт хөрөнгийн өгөөж (ROA) 11.4% тус тус хүрээд байна.
- Компанийн P/B харьцаа 2.0 хүрч хувьцааны ханш өмнөх онуудаас хямдаар үнэлэгдэж байна.
- 2023 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас ₮46.8 тэрбумын ногдол ашиг тараана.
САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Апу ХК-ийн хувьд 2023 онд борлуулалтын орлого өмнөх оноос 31% өсч ₮1.1 их наядад хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 31% өссөн үзүүлэлт юм. Цэвэр ашгийн хэмжээ ₮116 тэрбумд хүрч ажилласан ба өмнөх оны цэвэр ашгийн хэмжээнээс бага зэрэг бууралттай байгаа нь 2023 онд борлуулалт маркетингийн зардал өссөнтэй холбоотой.
Нийт хөрөнгийн хэмжээ 21% өсөж ₮1 их наядад хүрч, өөрийн хөрөнгийн хэмжээ 7% өсөж ₮678 тэрбумд хүрчээ.
Компанийн өөрийн хөрөнгийн өгөөж 2023 онд 17.1% байгаа нь өмнөх оны үзүүлэлтүүдээс буурсан үзүүлэлт боловч компани ашигт ажиллагаагаа нэмэгдүүлснээр өснө гэсэн хүлээлттэй байна.
КОМПАНИЙН ТУХАЙ
Апу ХК нь 1924 онд байгуулагдаж бүтэн зууны турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа Монгол улсын хүнсний үйлдвэрлэлийн ууган компани юм. Тус компани нь согтууруулах ундаа, ус, ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүний нийт 344 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотооддоо болон олон улсын зах зээлд нийлүүлж байна. Тодруулбал ОХУ, БНХАУ-ӨМӨЗО, Япон, БНСУ, Бельги, Франц, Герман, АНУ зэрэг улсууд руу бүтээгдэхүүнээ экспортолдог байна.
ХУВЬЦААНЫ ТУХАЙ
Хувьцааны ханш 2022 оны 1 сард дээд ханш болох ₮1904-т хүрч байжээ. Хувьцааны ханш 2023 оны эцэст ₮1211 болж хаагдсан ба оны эхэн үетэй харьцуулахад 19 хувиар буураад байсан юм. 2024 он гарснаар 9 орчим хувь буурч ₮1091-т хүрсэн байна.
Хувьцааны үнэлгээг тодорхойлдог үнэ ашгийн харьцаа P/E=8.6x байгаа нь ашигт ажиллагаа хэвийн байгааг харуулж байна.
2023 оны дундаж ханшаар тооцоход P/B=2x, P/E=8.6x байна. Тус хоёр үзүүлэлт өмнөх оноос буурсан буюу үнэлгээ нь зах зээл дээр илүү бодитоор үнэлэгдсэн ба тус ханшаар худалдан авалт хийх нь өмнөх онуудаас илүү хямдаар авах боломжийг үүсгэж байна.
2023 онд нийт ₮7.1 тэрбумын арилжаа хийгдсэн ба энэ нь өмнөх оноос 2 дахин буурсан үзүүлэлт болж байна. Энэ нь 2023 онд ТОП банкууд болон хэд хэдэн компаниуд IPO хийсэнтэй холбоотой хөрөнгө оруулагчдад шинэ сонголтууд гарч ирснээр арилжааны идэвх буурсан гэж үзэж байна.
НОГДОЛ АШГИЙН ТУХАЙ
Тус компани нь 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮45 буюу нийт ₮47.9 тэрбумыг ногдол ашиг тараагаад байсан. Тэгвэл 2023 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 44 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлээд байгаа ба ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх бүртгэлийн өдөр нь хувьцаа эзэмшигчдийн хурлын өдөр байна.
Тус компани нь жилд 2 удаа, тогтмол ногдол ашиг тараадаг ба цэвэр ашгийнхаа 70%-100% ногдол ашиг болгон тараадаг тул тогтмол ногдол ашиг хүртэх сонирхолтой хөрөнгө оруулагчдын сонирхох хувьцаануудын нэг болов уу.
ДҮГНЭЛТ
Апу ХК-ийн 2023 оны жилийн эцсийн тайлангийн гүйцэтгэлийг дүгнэхэд борлуулалтын орлого өмнөх оноос 31% өсөж ₮1.1 их наядын борлуулалтын орлого олсон. Мөн нийт хөрөнгийн хэмжээ 21% өсөж 1 их наядын хөрөнгөтэй компани болж улам хүчирхэгжсэн байна. Цэвэр ашгийн хэмжээ өмнөх оноос 7% буурч ₮116 тэрбумд хүрсэн нь борлуулалт, маркетингийн зардал болон бусад зардлууд өссөнтэй холбоотой. Үнэ ашгийн харьцаа болон үнэ дансны үнийн харьцаанаас харахад хувьцааны ханш хямдарч байгааг илтгэж байна. Мөн тогтмол ногдол ашиг хүртэх сонирхолтой хөрөнгө оруулагчдын хувьд анхаарал татахаар хувьцаануудын нэг билээ.
ТАЙЛБАР
Өөрийн хөрөнгийн өгөөж: Return on Equity буюу RoE үзүүлэлт нь сүүлийн 12 сарын нийт цэвэр ашгийг дундаж өөрийн хөрөнгөд харьцуулж тооцох замаар нэгж эздийн өмчид ногдох ашгийн хувийг илтгэдэг харьцааны үзүүлэлт юм.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал ҮЦК
АПУ ХК
Хувьцаа
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх