"Хас Банк" ХК 2024 оны I-р улиралд ₮42.1 тэрбумын цэвэр ашигтай ажиллалаа, Ханш харин яах бол?

2024 он 4 сар 10 өдөр
626
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • "Хас Банк ХК"-ийн 2024 оны I улирлын цэвэр ашиг ₮42.1 тэрбум хүрч, өмнөх оны мөн үеэс 34.5%-аар өслөө.
  • Харин ашигт ажиллагааны нөлөөллөөр өөрийн хөрөнгө 28%-аар өссөн байна.
  • Өөрийн хөрөнгийн өгөөж 26.5% хүрч, өмнөх оны мөн үеэс 2.4 нэгж хувиар өсжээ.

Хас Банкны өөрийн хөрөнгийн өгөөж 2.4 нэгж хувиар өсжээ

Хас банкны хувьд 2024 оны I улирлын байдлаар өөрийн хөрөнгийн өгөөж 26.5% хүрсэн өмнөх оны мөн үеэс 2.4 нэгжээр өссөн, өмнөх улирлаас 0.5 нэгжээр өссөн үзүүлэлт болж байна. Энгийнээр хэлбэл өөрийн хөрөнгийн 1 төгрөг бүрээс 0.265 төгрөгийн өгөөж хүртэж буйг илэрхийлэх юм.

Харин цэвэр зээлийн багц өмнөх оны мөн үеэс 42% өсөлт үзүүлж 2,911 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин чанаргүй зээлийн хувь 2.6% буюу өмнөх оны мөн үеэс 1.1 нэгжээр, 2023 оны 4-р улирлаас 0.3 нэгжээр буурсан байна. Чанаргүй зээлийн хэмжээ өсөх тусам тухайн зээл эргэн төлөгдөхгүй байх эрсдэл нэмэгддэг тул энэ үзүүлэлт өндөр байх нь банкнуудын хувьд тийм ч таатай үзүүлэлт биш билээ. ХАС банкны хувьд бусад системийн ТОП 5 банкнуудтайгаа харьцуулахад чанаргүй зээлийн түвшин харьцангуй бага буюу зээлийн багцын чанар сайн байдаг билээ.

Ашигт ажиллагаа өмнөх оноосоо 34%-аар өсжээ.

   2023 оны эхний улирлын байдлаар нийт хөрөнгө нь ₮4,945 тэрбум хүрч, өмнө оны мөн үеэс 25% өсөлт үзүүлсэн байна. Харин цэвэр ашиг нь ₮42.1 тэрбум хүрч, 35% өсөлт үзүүлсэн юм. Мөн хүүгийн орлого ₮169 тэрбум хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 48% өссөн үзүүлэлт болж байна.

Өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа 21.0% гарлаа

Арилжааны банк нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллах ёстой байдаг бөгөөд эдгээр үзүүлэлтүүдээс өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон хөрвөх чадварын үзүүлэлтүүдийг графикт харуулав. 

Өөрийн хөрөнгийн хүрэлцээ гэдэг нь тухайн банк санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлээс гарах алдагдлыг хаахад хүрэхүйц өөрийн хөрөнгөтэй эсэхийг тодорхойлдог үнэлгээ бөгөөд Монгол банкнаас уг үзүүлэлтийг 12%-с өндөр байхыг шаарддаг. Хас банкны хувьд уг үзүүлэлт 21.0% байгаа нь шаардлага хангаж ажиллаж байгааг илэрхийлж байна.

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа нь тухайн банк харилцагчийн өмнө хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлэх чадварыг харуулдаг бөгөөд Монголбанкнаас уг үзүүлэлтийн хамгийн багадаа 25%-с их байхыг шаарддаг. Хас банкны хувьд уг үзүүлэлт 38.3% буюу шаардлага хангаж ажиллаж байгааг илэрхийлж байна. 

Хувьцааны ханш илүү бодитоор үнэлэгдсэн байна.

2024.04.09-ны байдлаар компанийн хувьцааны ханш нь IPO хийсэн (677 төгрөг) ханшаас 5.6%-ийн өсөлт үзүүлж 715 төгрөг орчимд ирсэн байгаа бөгөөд IPO хийснээс хойш ханш хамгийн багадаа 547 төгрөгт хүрч байжээ. ХАС банкны хувьд хувьцааны үнэлгээг тодорхойлдог үнэ ашгийн харьцаа P/E=4.6x байгаа нь Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын дунджаас 2 дахин бага буюу хямд байна. Нөгөө талаас үнэ дансны үнийн харьцаа P/B=1.15x байгаа нь IPO хийх үеэс 0.28 нэгжээр буурсан буюу үнэлгээ нь зах зээл дээр илүү бодит үнэ цэнээрээ үнэлэгджээ. Өөрөөр хэлбэл тухайн компанийн өөрийн хөрөнгийн нэг төгрөг тутам зах зээл дээр 1.15 төгрөгөөр үнэлэгдэж арилжаалагдаж байна гэсэн үг юм.

Хас Банкны тухай

Хас банк нь 2001 онд Тэнгэр санхүүгийн нэгдэл ХХК-ийн охин компани болж, бичил зээлийн үйл ажиллагаанд төвлөрөн байгуулагдсан. Хас банк нь Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй 78 салбар нэгж, бизнес үйлчилгээний төвүүд, тэдгээрт ажиллаж буй 1,300 мэргэшсэн ажилтан, 5,000 гаруй мерчант, 360 гаруй АТМ-аар дамжуулан 1 сая харилцагчдадаа санхүүгийн цогц үйлчилгээг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан, түргэн шуурхай хүргэж байна.

Түлхүүр үгс:

Таван богд капитал ҮЦК

Хас Банк

Хувьцаа

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)