Хөрвөх чадварын судалгаа М10 – Төрийн банкны IPO хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг өсгөлөө

2022 он 10 сар 31 өдөр
1589
0

ГОЛ ӨНЦӨГ

  • 2022 оны эхний 10 сарын байдлаар жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцааны 8% арилжаалагдсан байна.
  • 10-р сард I ангиллын компаниудын өдрийн дундаж арилжаа өмнөх сараас бууралттай байна.
  • Гэхдээ хөрвөх чадвар өмнөх сараас 13%-аар өссөн байгаа ба үүнд төрийн банкны арилжаа хамгийн их нөлөөлсөн байна.

Чөлөөт хөрвөх хувьцаа буюу Free float гэдэг нь Компанийн нийт гаргасан хувьцааны 5%-аас бага хувийг эзэмшдэг жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцаагаар хэмжигддэг.

   Дэлхийн улс орнуудад хөрөнгийн зах зээлийн хөгжил харьцангуй өндөр байдаг. 2020 оны статистик мэдээгээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээний ДНБ-д эзлэх хувь 133% байна. Харин манай улсын хувьд энэ харьцаа харьцангуй бага буюу хөрөнгийн зах зээлийн хөгжил бусад улс оронтой харьцуулахад сул билээ. Гэхдээ энэхүү үзүүлэлт 2020 онд 8% байсан бол 2021 онд 14% болж өссөн байна. Мөн цаашид ч өсөх хандлагатай байна. 

   Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нийт зах зээлийн үнэлгээнд эзлэх арилжааны дүнгээр хэмждэг билээ. Тэгвэл энэ үзүүлэлт нь мөн адил дэлхийн улс орнуудын хувьд хангалттай өндөр байдаг. Харин манай улсын хувьд маш бага хэдий ч 2021 онд өмнөх онтой харьцуулахад 945%-аар буюу 10 дахин өсөж 23%-д хүрсэн үзүүлэлттэй байна.

   Энэхүү судалгаагаар Монголын хөрөнгийн биржийн I ангиллын 20 хувьцаат компанийн хөрвөх чадварыг илтгэдэг үзүүлэлт болох чөлөөт хөрвөх хувьцаанд эзлэх арилжигдсан хувьцааны ширхгийн дүнг авч үзлээ. Энэ үзүүлэлт нь жижиг хувьцаа эзэмшигчдийн хэдэн хувь нь зах зээлд идэвхтэй арилжигдаж байгааг илгэдэг билээ. 2022 оны эхний 10 сарын байдлаар нийт I ангиллын компаниудын арилжигдсан ширхгийн чөлөөт хөрвөх хувьцаанд эзлэх хувь дунджаар 8% байна. Энэ нь түүхэн дундаж буюу 15%-аас бага үзүүлэлт хэдий ч Монос Хүнс, АПУ, Ард санхүүгийн нэгдэл, Түмэн шувуут, Ард даатгал, Мандал даатгал, Мах Импекс болон Бодь даатгал ХК-ууд дунджаас өндөр буюу чөлөөт хөрвөх хувьцааны арилжаалагдаж буй идэвх харьцангуй сайн байна. Тэр дундаа Монос Хүнс, Мандал даатгал болон Бодь даатгалын хувьд өдрийн дундаж арилжаагаар дунджаас доогуур байдаг хэдий ч жижиг хувьцаа эзэмшигчдийн арилжаалж буй хувиараа түүхэн дунджаас өндөр байна. Харин бусад ХК-уудын хувьд дунджаас доогуур буюу 0.3-7.4%-ийн хооронд байна. 

   Харин 2007-2022 оны хоорондох чөлөөт хөрвөх хувьцаа дахь арилжигдсан ширхгийн дүн 2-27%-ийн хооронд байна. Энэ үзүүлэлт нь 2007 оноос хойш өссөн трендтэй буюу хөрвөх чадвар нэмэгдсэн харагдаж байна. 2007, 2008 болон 2009 оны зах зээлийн хямралын үеэр бууралт үзүүлсэн бол 2010 оноос өсөж 2012 онд 19%-д хүрсэн байна. Харин эдийн засгийн уналтын үеэр буюу 2014 онд эргээд буурсан бол 2015 оноос эхлэн сэргэж 2018 онд 21 хувьд хүрсэн. 2019 он буюу Ковид цар тахал эхэлсэн үеэс уналт үзүүлсэн хэдий ч 2021 он бол Дэлхийн хувьцааны зах зээл болон Монголын хөрөнгийн зах зээлийн хувьд өсөлтийн жил байсан бөгөөд энэ үед хамгийн өндөр өсөлтийг үзүүлж чадсан байна. Харин 2022 онд энэхүү үзүүлэлт нь 15 жилийн дунджаас бага байгаа юм.

   Хөрвөх чадварыг илтгэдэг ба нэгэн үзүүлэлт нь өдрийн дундаж арилжаа билээ. Энэ үзүүлэлт 2022 оны эхний 10 сард эхний 9 сартай харьцуулахад 13 хувиар өсөж 16.2 сая төгрөгт хүрсэн байна. Энэ сард ихэнх компаниудын арилжааны идэвх бага зэрэг бууралт үзүүлсэн бол Төрийн банкны IPO-ийн нөлөөгөөр арилжааны идэвх өссөн дүр зураг ажиглагдаж байна.  Харин Ард Санхүүгийн Нэгдэл, АПУ болон Төрийн банк ХК арилжааны дунджаасаа дээгүүр үзүүлэлттэй байгаа бол Монос Хүнс болон Түмэн шувуут ХК-ууд өмнөх сартай харьцуулахад дунджаасаа доогуур болсон байна. 

   Монголын хөрөнгийн биржийн I ангиллын 21 хувьцаат компанийн өдрийн дундаж арилжаа сүүлийн 5 жилийн хугацаанд буюу 2017-2021 оны хооронд 4.1 дахин өссөн байна. Харин 2022 оны эхний 10 сарын байдлаар 16.2 сая төгрөгт хүрсэн нь өмнөх жилээс 41%-аар буурсан хэдий ч эхний 9 сараас 13%-аар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн энэ оны 1-р сараас 6-р сарын хугацаанд өдрийн дундаж арилжааны дүн бууралттай байсан бол 7-р сараас эхлээд өсөлт ажиглагдаж, 10-р сард өмнөх сараас 48 хувиар өссөн байна.

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ

   Энэ сарын байдлаар Монголын хөрөнгийн биржийн I ангиллын 21 хувьцаат компаниудын хөрвөх чадвар өмнөх сараас 13%-аар өссөн байна. Үүнд Төрийн банкны IPO голчлон нөлөөлжээ. Өдрийн дундаж арилжааны дүнгээр Ард Санхүүгийн Нэгдэл, АПУ болон Төрийн банк ХК нь дунджаас дээгүүр үзүүлэлттэй идэвхтэй арилжаалагддаг харагдаж байна. Шинээр гарч байгаа IPO-тэй холбоотойгоор зах зээлийн идэвхэд бага зэргийн сэргэлт ажиглагдаж байна. Системийн нөлөө бүхий арилжааны таван банк хөрөнгийн зах зээлээс нийт 430 гаруй тэрбум төгрөг татан төвлөрүүлэх ба үүнээс энэ онд 300 гаруй тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байна. Ийнхүү системийн нөлөө бүхий банкнууд IPO хийж, хувьцаат компани болсноор хөрөнгийн зах зээл маань 2 дахин томрох боломжтой юм. Үүний хэрээр арилжааны идэвх, хөрвөх чадварын үзүүлэлт нэмэгдэж, хөрөнгийн зах зээл хөгжихөд илүү түлхэц болохнээ. 

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!

   Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргээд явдаг ба хэрвээ та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Хөрвөх чадвар

Арилжаа

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)