Ногдол ашгийн судалгаа: Ногдол ашиг хүртэх боломжтой компаниуд
ГОЛ ӨНЦӨГ
- Монголын хөрөнгийн биржийн I ангиллын 22 компаниудаас 17 ХК нь 2021 оны цэвэр ашгаасаа нийт 143 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаа зарлаад байна.
- Эдгээр компани нь цэвэр ашгаасаа 5%-аас 100% хүртэлх дүнгээр ногдол ашиг болгон зарлаж байгаа нь одоогийн ханшаар тооцвол, хөрөнгө оруулагчдад дунджаар 2.6%-ийн өгөөж хүртээж байна. Үүнээс АПУ ХК нь хамгийн өндөр ногдол ашгийн өгөөжтэй (6.7% 2022 оны 4-р сарын 4-ний ханшаар) байна.
- Ногдол ашгийн өгөөж хувьцааны ханшийн өсөлтийн нөлөөгөөр өмнөх сараас буурсан үзүүлэлттэй байгаа юм.
2013 оноос хойших 9 жилийн ногдол ашиг тараалтын судалгаанаас харахад, I ангиллын компаниудын дундаж өгөөж 4.3%, нийт бүртгэлтэй ХК-ийн дундаж өгөөж 3.2% байна. (Ногдол ашгийн өгөөжийн тооцооллыг жилийн дундаж хувьцааны ханшийг ашиглан тооцсон)
2013 оноос хойш 65 хувьцаат компани ногдол ашгаа 1 ба түүнээс дээш удаа тараасан ба нийт 803 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хөрөнгө оруулагчдадаа тараажээ. Харин үүнээс АПУ, Тавантолгой ХК нь нийт тараасан ногдол ашгийн 83%-ийг эзэлж байна.
АПУ ХК нь энэ хугацаанд тараасан ногдол ашгийн дүн хамгийн өндөр буюу 366 тэрбум төгрөгт хүрсэн ба 2018-2020 онд хойш цэвэр ашгаасаа давсан дүнгээр (DPR>100%) ногдол ашиг тараажээ. Харин 2021 онд 2 удаагийн тараалтаар ₮112 тэрбумын ногдол ашгийг хөрөнгө оруулагчдадаа өгч байгаа юм. АПУ ХК нь 2021 оны байдлаарх цэвэр ашигт үндэслэн жилийн ашгаас ногдол ашиг тараалтын харьцааг тооцон үзвэл 73.4% гэсэн үзүүлэлттэй байна. Харин өнгөрсөн сарын дундаж хувьцааны ханшаар (₮1,697) тооцсон ногдол ашгийн өгөөж 6.2% харин одоогийн хаалтын ханшаар (₮1,023) тооцсон өгөөж 6.7% байгаа нь бусад компаниудтай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт юм.
Хөрөнгө оруулагч таны хувьцааг нь эзэмшиж буй компани ямар дүнгээр ногдол ашиг тараах гэдгээс илүүтэйгээр ногдол ашгийн өгөөж гэдэг үзүүлэлтээр хөрөнгө оруулалтын өгөөжөө хэмжих нь зүйтэй байдаг. Монголын хөрөнгийн биржийн I ангиллын 22 хувьцаат компанийн ногдол ашиг тараалтыг сонирхоцгооё.
2021 оны цэвэр ашгаас эдгээр компаниудаас 17 хувьцаат компани нь ногдол ашиг тараахаар зарлаад байгаа ба одоогийн ханшаар тооцвол хөрөнгө оруулагчдадаа дунджаар 2.6%-н ногдол ашгийн өгөөж хүртээж байна. 2020 оны дундаж хувьцааны ханшаар тооцвол, I ангиллын ХК-н дундаж ногдол ашгийн өгөөж 4.2% байсан ба 2021 онд 3% болж буурсан нь ногдол ашиг тараалтын бууралтаас бус 2021 оны хувьцааны ханшийн өндөр өсөлтөөс шалтгаалав. Үүнээс АПУ ХК нь жилд 2 удаагийн тараалтаар I ангилалдаа хамгийн өндөр өгөөж болох 6.7%-н ногдол ашгийн өгөөжтэй хувьцаа боллоо.
Үүнээс гадна I-р ангилалд харьяалагдалгүй компаниуд болох Могойн Гол болон Хүрд ХК нар ногдол ашгаа тараах болсноо олон нийтэд зарласан байна. 2022 оны 4-р сарын 4-ны хаалтын ханшаар тус компаниудын хувьцааг эзэмшсэнээр тус тус 6.0 болон 39.2 хувийн ногдол ашгийн өгөөж хүртэх боломжтой билээ.
Хувьцаа эзэмшигчдийн хурлын огноо: Ногдол ашиг тараах дараах компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын огноо зарлагдсан ба тус хурлаар 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах болон бусад чухал шийдвэрийг хэлэлцэх билээ.

Бүртгэлийн өдөр: Тус огнооноос 2-3 өдрийн өмнө хувьцаа авах захиалга өгснөөр, эзэмшиж буй хувьцаанаас ногдол ашиг хүртэх бүрэн боломжтой билээ.
ҮГИЙН ТАЙЛБАР
Ногдол ашиг тараалтын харьцаа (DPR): Цэвэр ашгийн хэдэн хувийг ногдол ашиг болгон тарааж буйг илтгэнэ.
Нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг (DPS): Нийт тараасан ногдол ашгийн дүнг компанийн гаргасан хувьцааны тоонд хувааж тооцно.
Ногдол ашгийн өгөөж (Dividend yield): Нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг нь нэгж хувьцааны ханшийн хэдэн хувийг эзэлж байгаагаар хэмжигдэнэ. Энэхүү судалгаанд нэгж хувьцааны ханшийг жилийн дундаж ханшаар тооцсон болно.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж, Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчдийн тооцоолол
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргээд явдаг ба хэрвээ та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Монголын Хөрөнгийн Бирж
Хувьцаа
Ногдол ашиг
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
1 Сэтгэгдэл
Yu****
Нэгдүгээр ангилал , Хоёрдугаар ангилалын ялгаа нь юу вэ?
0
0
Сэтгэгдэл үлдээх