Банк Реформер: III улиралд "Худалдаа Хөгжлийн Банк"-ны чанаргүй зээл 88%-аар өслөө
ГОЛ ӨНЦӨГ:
- 2022 оны III-р улирлын цэвэр дүнгээр цэвэр алдагдал 63.9 тэрбум төгрөг
- 2022 оны III-р улирал өмнөх улирлаас чанаргүй зээл 350 тэрбумаар өсөж, чанаргүй зээлийн хувь 22.4%-д хүрлээ
БАНКНЫ ТУХАЙ
Худалдаа Хөгжлийн Банк нь Ардчилсан хувьсгал өрнөсөн 1990 онд Монгол улсад 2 шатлалт банкны системийн үндэс суурийг тавьж, арилжааны ууган банк болон үйл ажиллагаа эхлүүлсэн түүхтэй билээ. Тус банк нь дотоодын тэргүүлэх 400 гаруй байгууллага ХХБ-ны харилцагч бөгөөд тэдэнд төслийн болон хөрөнгийн санхүүжилт, худалдааны санхүүжилтийн үйлчилгээ, санхүүгийн зөвлөгөө, олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт авахад дэмжлэг үзүүлэх зэрэг олон төрлийн үйлчилгээг харилцагчиддаа хүргэж байна.
САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ
2022 оны III улирлын байдлаар хүүгийн орлого өссөн дүнгээр 446.1 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.24%-аар буурсан байна. Харин хүүгийн зардал 264.4 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.17%-аар буурсан байна. Хүүгийн зардлын бууралт нь хүүгийн орлогын бууралтаас өндөр тул хүүгийн цэвэр орлого нь 30 тэрбумаар өссөн байна. Харин хүүгийн бус орлого 325.9 тэрбум буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 183 тэрбум төгрөгөөр, хүүгийн бус зардал нь 262.8тэрбум буюу 93 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Хэдийгээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үзүүлэлтүүд сайжирсан байгаа боловч энэ III улирлын байдлаар цэвэр дүнгээр цэвэр алдагдал нь 63.9 тэрбум төгрөг хүрсэн байна. Мөн чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн улирал 674.9 тэрбум төгрөг байсан бол энэ улирал 351 тэрбумаар өсөж 1 их наяд хүрсэн байна. Улмаар зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн хувь 13.3%-аас 22.4% хүртэл өссөн байна.
.png)
Нийт активын хэмжээ 8.8 их наяд төгрөг байгаа бөгөөд активын хэмжээгээр хоёрдугаарт жагсаж байна. Харин өөрийн хөрөнгө 2022 оны III улирлын байдлаар 1045.2 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үеэс 4.5%-аар буурсан байна. Өөрийн хөрөнгийн өгөөж II улиралд 16.01% хүрсэн бол энэ улирал алдагдалтай ажилласан тул 9.09% хүртэл буурсан байна.
.png)
Цар тахалтай холбоотойгоор иргэд, ААН-ийн зээлийн эрэлт нэмэгдсэн бөгөөд нөгөөтэйгөөр эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зээл олголт нэмэгдсэн тул банкнуудын хөрвөх чадвар ерөнхийдөө бүгд буурсан бөгөөд Худалдаа Хөгжлийн Банкны хувьд хөрвөх чадвар 39.2%-аас 37.7% хүртэл буурсан боловч зохистой харьцааны шалгуур түвшин 25%-ийг ханган ажиллаж байна.
Харин өөрийн хөрөнгийн хүрэлцээ нь 15.1%-буюу зохистой харьцааны шалгуур түвшин 10%-ийг бүрэн хангаж байна. Өөрийн хөрөнгийн хүрэлцээ нь хөрөнгө ашиглалтыг илэрхийлдэг бөгөөд хэт өндөр байх нь нэг талаас хөрөнгөө ашиглахгүй байгааг, нөгөөтэйгөөр үйл ажиллагаагаа улам тэлэх боломжтой байгааг илэрхийлдэг.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ
Худалдаа Хөгжлийн Банкны голлох ашигт ажиллагааны үзүүлэлтүүд өссөн дүнгээр өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн байгаа боловч энэ III улирлын байдлаар үзүүлэлт буурсан, сөрөг дүр зурагтай байна. Томоохон өөрчлөлтүүдийг дурдвал тайлант хугацааны цэвэр алдагдал 63.9 тэрбум хүрч, чанаргүй зээл 350 тэрбумаар өсөж, чанаргүй зээлийн багцад эзлэх хувь 22.4% буюу бусад системийн банктай харьцуулахад маш өндөр байна. Чанаргүй зээлийн түвшин өндөр байгаа нь урт хугацаандаа хөрөнгө оруулагчийн өгөөжид сөрөг нөлөө үзүүлэх магадлалыг илэрхийлэх тул анхаарвал зүйтэй байна.
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Хувьцаа
Банк
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх