Өнөөдөр Монголд: Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 12% болгов
ГОЛ ӨНЦӨГ:
- Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 12% болгохоор шийдвэрлэлээ.
- Улсын инфляц 2024 оны 2-р сарын байдлаар 7%-тай гарсан байна.
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо:
2024 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 12 хувь болгох шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь инфляцыг зорилтот түвшин болох 6% -аас (+/-)2 хувийн интервалд тогтворжуулсантай холбоотойгоор гаргасан юм. 2024 оны 2-р сарын байдлаар улсын инфляц 7.0%-тай гарсан ба Улаанбаатар хотынх 7.2% гарсан юм.
Монголбанкны ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн:
“Инфляц өнгөрсөн оны төгсгөлд 7.8% болон буурсан, одоо 7% болон буурч байгаа учраас инфляцын дарамт харьцангуй буурч байна. Бодлогын хүү 13%, инфляц 7%, эерэг хүүний зөрүү нь 6% болж байна. Зургаан хувийн орон зай байна гэж үзэн, мөнгөний бодлогын төлөвийг зөөлрүүлж байгаа. Гэсэн ч цаана нь мөнгөний хатуу бодлого үргэлжилнэ. Нэрлэсэн хүү буурч байгаа ч 2, 3 улирлын дараа нөлөөлөл нь гарах учраас одоо зөөлрүүлж байгаа нь ирээдүйд бий болох эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилготой юм.
Судлаачид олон улсын геополитикийн нөхцөл байдал улам хүндэрнэ, шатахууны шок үүсэж болзошгүйг анхааруулж байгаа. Гэхдээ энэ жилийн тухайд өнгөрсөн жилүүдэд байсан импортын тээвэр дээр байсан дарамт байхгүй болсон. Инфляцын талаас илүүг нь дотоодын гурван бүтээгдэхүүн эзэлж байна. Энэ нь гурил, мах, сүү гурав.
Тэгэхлээр зөвхөн тэр гурван бүтээгдэхүүнээс гадна хүнсний бус бараа бүтээгдэхүүний үнэ 7 хувийг бүрдүүлж байгаа учраас нийлүүлэлт талаасаа гайгүй. Эрэлт талаасаа төсөв 20 хувиар тэлсэн, ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр нэмэгдэнэ. Ногдол ашиг тараах учраас инфляцыг хоёр оронтой тоонд аваачих хэмжээнд савлахгүй болов уу” хэмээн мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Монгол улсын төв банк
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал ҮЦК
Хувьцаа
Монголбанк
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
1 Сэтгэгдэл
Эн****р
1072 хувцагаа зарах гэсии юм яаж зархуу
0
0
Сэтгэгдэл үлдээх