Өнөөдөр биржид: Ард Кредит ББСБ III улирлын тайлангаа танилцууллаа
2022 оны 10 сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 105 сая төгрөгийн үнийн дүн бүхий 336 мянган ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 хувьцаат компанийн ханш өсөж 17 хувьцаат компанийн ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байсан.
Арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр өссөн хувьцаат компани нь Монгол дизель ХК, Монноос ХК, Ган хийц ХК, Хүрд XK, Монгол савхи ХК компаниуд байсан ба өсөлт нь 14.9%-аас 15.0%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
Харин арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр буурсан хувьцаат компаниуд нь Тэнгэрлиг медиа групп ХК, Бодь Даатгал ХК, Таван толгой ХК, Би ди сек ХК болон Мерекс ХК компаниуд байсан ба бууралт нь -3.0%-аас -10.6%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
ӨНӨӨДӨР ОНЦЛОХ ХУВЬЦАА: АРД КРЕДИТ ББСБ ХК
- Өмнөх оны эцэстэй харьцуулахад нийт орлого 24%-аар, нийт зардал 8%-аар тус тус бага байна
- Хувьцааны үнэ ашгийн харьцаа 51.36 буюу TOP20 багцын дундажтай харьцуулахад харьцангуй өндөр үнэлэгдсэн байна
Ард Кредит ББСБ ХК-ийн энэ оны III улирлын санхүүгийн тайлан гарсантай холбогдуулан тус компанийн хувьцааг онцлох хувьцаагаар сонголоо. Ард Кредит ББСБ ХХК нь 2011 оны 4-р сард үүсгэн байгуулагдан Монгол улсад бичил болон жижиг зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай компани юм.
САЛБАРЫН ТУХАЙ
ББСБ-ийн салбарын 3-р улирлын нэгтгэсэн тайлан хараахан гараагүй байгаа билээ. 2022 оны хагас жилийн байдлаар ББСБ салбарт 527 ББСБ үйл ажиллагаа явуулж байна. Салбарын нийт актив өмнөх оны мөн үеэс 40.6 хувиар буюу 919.8 тэрбум төгрөгөөр өсөж 3.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ үзүүлэлт нь банкны салбарын 7.5%-тай тэнцэж байгаа бөгөөд цаашид энэ хувиа хадгална гэж үзвэл ирэх 5 жилд 2 дахин тэлэх боломжтой харагдаж байна. Активын өсөлтийн 99.1 хувийг цэвэр зээлийн өсөлт, пассивын өсөлтийн 53.4 хувийг өр төлбөрийн өсөлт, 46.6 хувийг өөрийн хөрөнгийн өсөлт бүрдүүлж байна.
Харин салбарын нийт цэвэр ашиг 2022 оны хагас жилд 149 тэрбум төгрөгт хүрсэн ба сүүлийн 5 жилд ашигт ажиллагаа 200 гаруй хувийн өсөлттэй байна. ББСБ-уудын ашигт ажиллагаа огцом өсөлт үзүүлж өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт орлогын хэмжээ 78.1 хувиар буюу 172.0 тэрбум төгрөгөөр, нийт зардлын хэмжээ 79.5 хувиар буюу 107.5 тэрбум төгрөгөөр, цэвэр ашгийн хэмжээ 76.0 хувиар буюу 64.4 тэрбум төгрөгөөр өсөж 149 тэрбум төгрөгт хүрсэн байна.
САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Нийт актив 74.5 тэрбум, түүнээс цэвэр зээлийн багц 35 тэрбум буюу 46.97%-ийг эзэлж байгаа бөгөөд цэвэр зээлийн дүн хоёрдугаар улирлын дүнтэй харьцуулахад 1.36%-аар буюу маш бага өсөлт үзүүлсэн байна. Харин эх үүсвэрийн бүтцийн хувьд өр төлбөр 74%-ийг эзэлж байгаа бөгөөд сүүлийн гурван жил дараалан өр төлбөрийн харьцаа өсөж байна. 2021 оны хуримлагдсан ашгаас 1.26 тэрбум төгрөг хувьцаа эзэмшигчдэд тараасан эздийн өмчийн дүн тус дүнгээр буурсан байна.
Нийт эх үүсвэрийн 74%-ийг өр төлбөр эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн оны эцэстэй харьцуулахад 8%-аар өссөн байна. Мөн бодлогын хүүгийн өсөлт болон бусад хүчин зүйлсээс хамааран санхүүжилтийн өртөг нэмэгдсэн тул тайлант хугацааны хүүгийн зардал өмнөх оны эцэстэй харьцуулахад 85.9% өссөн байна. Харин хүүгийн орлого дөнгөж 10.6%-аар өссөн байгаа бөгөөд үүнд чанаргүй зээлийн өсөлт болон бусад хүчин зүйлс нөлөөлсөн болов уу. Улмаар цэвэр хүүгийн орлого 5.7 тэрбум хүрлээ.
Хүүгийн бус орлого нь өнгөрсөн жилийн эцэстэй харьцуулахад 49.9%-аар бага бол хүүгийн бус зардал 7.2%-аар бага байна. Орлогын бууралт зардлын бууралтаас өндөр байгаа тул нийт тайлант хугацааны цэвэр ашиг өнгөрсөн оны эцэстэй харьцуулахад 82.0%-аар бага байгаа бөгөөд оны эцэс гэхэд дүйж очихгүй л болов уу. Учир нь иргэдийн зээл авдаг идэвхтэй үе буюу хавар цагаан сарын бэлтгэлд болон намар сургалтын төлбөр, бусад холбоотой зүйлд авдаг үе өнгөрсөн тул оны эцэст дүйж очих боломжгүй болов уу.
Хөрөнгө оруулагч нарын хувьд чухал үзүүлэлт болох эздийн өмчийн өгөөж 5.1% болж буурсан бол, үнэ ашгийн харьцаа 51.36 болж өссөн байгаа нь өгөөж буурсан бөгөөд хувьцааны үнэ бусад ижил төстэй хувьцаатай харьцуулахад харьцангуй өндөр үнэлэгдсэн байгаа болохыг илэрхийлж байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ӨГӨӨЖ
Хувьцааны ханшийн алдагдал оны эхнээс 56.7%тай буюу бусад TOP20 багцыг бүрдүүлж буй хувцааны дунджаас 34%-аар илүү алдагдалтай байна.
Харин TOP20 хувьцаат компаниудын 2021 оны хуримтлагдсан ашгаас энэ онд тарааж буй ногдол ашгийн дундаж өгөөж нь 2.7% байгаа бөгөөд Ард кредит ББСБ ХК-ийн хувьд ногдол ашгийн өгөөж 3.6% буюу дунджаас 1.0%-аар их байна.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ
2022 оны III улирлын байдлаар Ард Кредит ББСБ ХК-ийн нийт орлого 24%-аар нийт зардал 8%-аар тус тус буурсан байгаа тул цэвэр ашиг өмнөх оны эцэстэй 82%-аар бага байна. Улмаар хөрөнгө оруулагч нарын харах чухал үзүүлэлтүүд болох өөрийн хөрөнгийн өгөөж буурч, үнэ ашгийн харьцаа өссөн байна.
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Хувьцаа
Арилжаа
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
3 Сэтгэгдэл
Ар****хувьцаа эзэмшигч
Ард кредит ББСБ 2021 оны ногдол ашиг тараагаагүй. Тараасан бол хэзээ хэрхэн тараасийн?
0
0
Ар****хувьцаа эзэмшигч
Ард санхүүгийн нэгдэл, ХОС бүгд 2021 оны ногдол ашиг тараагаагүй. Тараана гэж худлаа яриад өнгөрсөн
0
0
Мэ****эл
2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 2022 оны 7 сарын 1-ны өдрийн дотор 4.5 төгрөгийн ногдол ашиг, 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 2021 оны 6 сарын 30-ны өдрийн доторо 3.57 төгрөгийн ногдол ашиг тус тус тараах тухай шийдвэр гарсан. Мэдээллийн эх сурвалж Монголын Хөрөнгийн Бирж https://mse.mn/mn/dividend_info/123
0
0
Сэтгэгдэл үлдээх