Өнөөдөр Биржид: Монгол Базальт ХК-ийн ханшийн өгөөж 30% хүрлээ
2022 оны 10 сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 108 сая төгрөгийн үнийн дүн бүхий 260 мянган ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 хувьцаат компанийн ханш өсөж 14 хувьцаат компанийн ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байсан. Арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр өссөн хувьцаат компани нь Адуун чулуун ХК, Ган хийц ХК, Монноос ХК, Могойн гол ХК, Таван толгой ХК компаниуд байсан ба өсөлт нь 5.8%-аас 15.0%-ийн хооронд хэлбэлзсэн байна. Харин арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр буурсан хувьцаат компаниуд нь Монгол Базальт ХК, Айтүүлс ХК, Ард кредит ББСБ ХК, Крипто Үндэстэн ХК болон Монос хүнс ХК компаниуд байсан ба бууралт нь -3.0%-аас -5.9%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
ӨНӨӨДӨР ОНЦЛОХ ХУВЬЦАА: МОНГОЛ БАЗАЛЬТ ХК
Монгол Базальт хувьцаат компанийн III улирлын тайлан гарсан тул тус компанийн хувьцааг өнөөдөр онцоллоо. Тус компани нь анх 2007 онд үүсгэн байгуулагдсан, 2018 онд хувьцаат компани болж байсан бөгөөд анхдагч зах зээлийн эрэлт нь нийлүүлэлтээсээ 3 дахин давж байсан билээ. Монгол Базальт ХК нь Монгол улсын хамгийн анхны базальт чулууг 2000С градуст хайлуулах технологийг нутагшуулан эзэмшиж чулуун хөвөн дулаан тусгааарлагч материалын үйлдвэр байгуулсан бөгөөд энэ улирал базальт файбер арматур үйлдвэрийн нээлтээ хийсэн нь онцлох үйл явдал болсон билээ.
САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
ОХУ болон Украйн улс хоорондын цэргийн ажиллагааны нөхцөл байдал, инфляци, барилга, бүтээн байгуулалтын салбарт тулгарч байгаа хүндрэлүүд зэрэг томоохон бэрхшээлүүд байгаа боловч тус компанийн борлуулалтын орлого III улирлын байдлаар өмнөх оны эцэстэй харьцуулахад 13.9%-аар бага буюу энэ оны сүүлээр өмнөх оны гүйцэтгэлтэйгээ дүйхүйц байна. Харин цэвэр ашиг нь III улирлын байдлаар өмнөх оны эцэстэй бараг ойролцоо байгаа нь ашигт ажиллагаа сайжирсныг илтгэж байна. Гэвч эздийн өмчийн өгөөж 5.2% буюу TOP20 индексийн багцын хувьцаануудтай харьцуулахад харьцангуй бага байна.
Нийт хөрөнгийн бүтцийг авч үзвэл Монгол Базальт ХК нь үйлдвэрлэл эрхэлдэг тул үйлдвэрийн байр болон тоног төхөөрөмж нийт хөрөнгийн дийлэнх хэсгийг буюу 80% гаруйг эзлэж байна. Харин өр төлбөрийн харьцаа нь 0.14 буюу бусад компаниудтай харьцуулахад зээлийн эрсдэлгүй гэхэд дөхөх хэмжээнд байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ӨГӨӨЖ
Монгол Базальт ХК нь хувьцаат компани болсноос хойш тогтвортой ногдол ашиг тарааж байгаа бөгөөд энэ жил TOP20 хувьцаат компанийн ногдол ашгаар тэргүүлэгч АПУ ХК-ийн ногдол ашгийн өгөөжөөс ч өндөр буюу 8.2%-ийн ногдол ашиг тараасан байна.
Монгол Базальт ХК-ийн хувьцааны ханш оны эхэнд 175 төгрөг байсан бол өнөөдрийн хаалтын ханш 227.97 төгрөг байна. Улмаар ханшийн өгөөж 30.1% хүрсэн байна.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ
Дайн, эдийн засгийн хямрал, инфляци болон барилга бүтээн байгуулалтын салбарт хүндрэлүүд тулгарч байгаа боловч Монгол Базальт ХК-ийн ашиг ажиллагаа сайжирсан бөгөөд өрсөлдөхүйц ханшийн болон ногдол ашгийн өгөөж хөрөнгө оруулагч нартаа өгсөн байна. Гэхдээ тус хувьцааны өдрийн дундаж арилжааны дүн нь нэг сая гаруй төгрөг байгаа тул ханшийн өгөөжийг богино хугацаанд харах нь эрсдэлтэй гэдгийг анхаарах нь зүйтэй болов уу.
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Хувьцаа
Арилжаа
Хаалтын ханш
Хаалтын огноо
Хамгийн дээд
Хамгийн доод
Үйлдэл | Огноо | Симбол | Үнэ | Хэмжээ | Биелэлт | Нийт дүн | Төлөв | Шимтгэл | Нөхцөлийн хугацаа |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
No data |
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх