OTC Бонд #3: Хадгаламж ба Бондын ялгаа
ГОЛ ӨНЦӨГ
- Хаалттай бондын дундаж хүү (13-17%) хугацаатай хадгаламжаас хоёр дахин өндөр байна.
- Хугацаатай хадгаламжийг бодвол бонд нь илүү хөрвөх чадвартай ба хүүгийн торгуульгүй байдаг.
- Хувьцаатай харьцуулахад хадгаламж, бонд нь эрсдэл багатай боловч компанийн бонд банкны хадгаламжаас илүү эрсдэлтэй гэж үздэг.
Хөрөнгө оруулалтын хэрэгслүүд дундаас хадгаламж болон бонд нь харьцангуй төстэй бүтээгдэхүүнд тооцогддог. Энэ хоёр бүтээгдэхүүн нь харьцангуй эрсдэл багатай боловч тогтмол өгөөжтэй гэдгээрээ ойролцоо тул харьцангуй бага эрсдэлтэйгээр хөрөнгө оруулах сонирхолтой талууд эдгээрийг сонгодог. Харин нөгөө талаар хадгаламж ба бонд хоорондоо ялгаатай тал их бий. Тэдгээрээс дурдвал,

Өгөөж ба Эрсдэл: Одоогийн байдлаар өгөөжийн хэмжээгээрээ бондын жилийн өгөөж нь хадгаламжаас бараг хоёр дахин өндөр байна. Өгөөж өндөр байна гэдэг нь үүнийг дагаад эрсдэл тодорхой хэмжээгээр илүү гэж ойлгож болно. Учир нь, хэрвээ та бонд худалдан авбал нэг компанид мөнгөө зээлж байна гэсэн үг. Тиймээс таны хөрөнгө оруулалт нэг компаниас шалтгаалах нь байна. Харин хадгаламжийн хувьд та арилжааны банканд мөнгөө зээлж байгаа хэрэг бөгөөд банк тан шиг олон эх үүсвэр татаж, цааш нь олон компани болон хувь хүн рүү зээлдүүлж байгаа юм. Ингээд бодохоор нэг компаниас олон компанид мөнгөө хувааж зээлдэх нь эрсдэл багатай гэсэн үндсэн логик цаана нь явж байна гэж ойлгож болно.
Гэхдээ энэ нь хадгаламж болон бонд гэх бүтээгдэхүүний хувьд ерөнхий дүгнэлт юм. Хэрвээ үнэхээр нэг сайн компанийн бонд авбал эрсдэл багатайгаар өндөр өгөөж хүртэх боломж бий. Тиймээс бондод хөрөнгө оруулахдаа сайн судалгаа, мэдээлэлтэй байх шаардлагатай.
Хөрвөх чадвар ба Хүү төлөлт: Энэ нь нэг үеэр хэлбэл, мөнгөө хүссэн үедээ хүүгээ алдалгүй гаргаж авахыг чадварыг хэлж байгаа юм. Хадгаламжийн хувьд дотроо хугацаагүй, хугацаатай гэх төрөл байгаа ба хугацаагүй хадгаламж нь одоогоор хүү бодогдохгүй тул харилцах данс шиг гэж ойлгож болно. Харин хугацаатай хадгаламж нь жилийн 8 орчим хувийн хүүтэй байгаа ба хугацааны эцэст хүүгээ авна, хэрвээ хугацаанаас өмнө цуцалбал хүүгийн торгууль төлнө гэдгийг хэн бүхэн мэдэх биз ээ. Тиймээс ч үүнд ойрын үед хэрэглэх буюу хөрвөх шаардлагатай мөнгөө байршуулах сонирхол байдаггүй учир хөрвөх чадвар сул байдаг.
Харин компанийн бондын хувьд, хүүг ихэвчлэн улирал, эсвэл хагас жил бүр төлдөг учир хүүгээрээ дахин хөрөнгө оруулалт хийх боломжтой байдаг. Нөгөө талаар хувьцаа шиг хоёрдогч зах зээлд арилжигдах боломжтой тул хэрвээ авах тал байгаа тохиолдолд зараад гарч болно гэдгээс илүү хөрвөх чадвартай бүтээгдэхүүн гэдгийг харж болох юм.
Зохицуулалт: Мэдээж хадгаламж эзэмшигчдийн зээлдэгч нь арилжааны банкууд тул гол зохицуулагч нь Монголбанк юм. Харин компанийн бонд нээлттэй болон хаалттай зах зээл буюу Монголын хөрөнгийн бирж (Биржийн зах зээл) болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоогоор (Биржийн бус зах зээл “OTC”) дамжин арилжигддаг. Тиймээс гол зохицуулагч нь Санхүүгийн зохицуулах хороо юм. Энэхүү биржийн бус зах зээл 2021 онд эрх зүйн орчин нь бүрэн бүрдсэний хүрээнд зохицуулалттай зах зээлд хаалттай бондууд гарч эхэлсэн ба одоогоор 300 гаруй тэрбум төгрөгийг үнэт цаас гаргагчид татан төвлөрүүлээд байна.

Хадгаламж, Бонд эзэмшигчдийн бодит хүү: Инфляц 2020 онд 2.3%-ийн нам дор түвшинд байсан бол өнгөрсөн оноос өсөж, 2022 оны 2-р сарын байдлаар 14.2%-д хүрээд байгаа нь зах зээл дэх бодит хүүгийн түвшинг огцом буурууллаа. Жишээлбэл, компанийн бондын жилийн дундаж өгөөж 15% байгаа ба үүнээс инфляцыг хасаж тооцвол, бодит хүү нь 0.8% гарч байна. Энэ нь бондод хөрөнгө оруулснаар мөнгөний үнэ цэнээ хадгалж үлджээ гэсэн үг. Гэтэл жилийн 8.59%-ийн хадгаламжид мөнгөө байршуулснаар бодит хүү -5.6% байгаа нь хадгаламж эзэмшигчдийн мөнгө үнэ цэнээ алдсан байгааг илтгэж байгаа юм.
Хэрвээ та эрсдэл багатай, өндөр өгөөж бүхий бондын хөрөнгө оруулалт сонирхвол доорх хаягуудаар бидэнтэй холбогдоорой.

Түлхүүр үгс:
Компанийн бонд
Биржийн бус зах зээл
OTC
Хадгаламж
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
1 Сэтгэгдэл
би****
Сайн уу ? Бондын талаар болон хэрхэн бүртгүүлэх талаар мэдээлэл авья
0
0
Сэтгэгдэл үлдээх