Өнөөдөр Биржид: Талх Чихэр ХК-ийн ханшийн өгөөж хамгийн өндөр байна
2022 оны 10 сарын 19-ны өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 124 сая төгрөгийн үнийн дүн бүхий 450 мянган ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 хувьцаат компанийн ханш өсөж 14 хувьцаат компанийн ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байсан.
Арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр өссөн хувьцаат компани нь Ремикон ХК, Монгол шуудан ХК, Тэнгэрлиг медиа групп ХК, Мик холдинг ХК, Таван толгой ХК компаниуд байсан ба өсөлт нь 6.2%-аас 14.2%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
Харин арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр буурсан хувьцаат компаниуд нь Айтүүлс ХК, Монос хүнс ХК, Сэнтрал Экспресс Си Ви Эс, Төрийн Банк ХК болон Силикат ХК компаниуд байсан ба бууралт нь -4.8%-аас -15.0%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
ӨНӨӨДӨР БИРЖИД ОНЦЛОХ ХУВЬЦАА: ТАЛХ ЧИХЭР ХК
Талх Чихэр ХК 1984 оноос хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 1999 онд хөрөнгийн биржид бүртгүүлж өдгөө 3928 хувьцаа эзэмшигчтэй байна. Үндсэн бүтээгдэхүүний төрөл нь талх, нарийн боов, бэйкери бүтээгдэхүүн бөгөөд 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй 900 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.
Тус компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь аль хэдийн тогтвортой, үнэнч хэрэглэгчтэй болсон бөгөөд үйл ажиллагаа, бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлж, зах зээлээ тэлсээр байна. Мөн үйлдвэрлэлийн болон түгээлтийн тоног төхөөрөмжийг тогтвортой сайжруулж буй нь байгууллагын урт хугацааны тогтвортой өсөлттэй ажиллахад эерэг нөлөө үзүүлж байна.
ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАР
Эдийн засгийн өсөлт удааширсан тохиолдолд хүмүүс тансаг хэрэглээнээс татгалздаг боловч хүнсний бүтээгдэхүүн болон өргөн хэрэглээний барааны борлуулалт тогтвортой байдаг тул өнгөрсөн жил Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь 16.29% байсан боловч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын борлуулалтын орлого 27.42%-аар өссөн байна.
САНХҮҮГИЙН БАЙДАЛ
2022 оны хагас жилийн байдлаар нийт хөрөнгийн бүтцийг харвал 65.2%-ийг эргэлтийн бус хөрөнгө, 34.8%-ийг эргэлтийн хөрөнгө эзлэж байгаа бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад огцом өөрчлөлт байхгүй байна. Харин эх үүсвэрийн бүтцийн хувьд өр төлбөр нийт эх үүсвэрийн 22%-ийг, үлдсэн 78%-ийг өөрийн хөрөнгө эзлэж буй тул эх үүсвэр тогтвортой, өрийн санхүүжилт багатай байна гэж дүгнэж байна.
Талх чихэр ХК-ийн борлуулалтын орлого сүүлийн жилүүдэд тогтвортойгоор өсөж байгаа бөгөөд 2022 оны хагас жилийн байдлаар борлуулалтын орлого 44.5 тэрбум буюу өмнөх оны мөн үеэс 27.3% өссөн байна. Харин борлуулалтын орлогын өсөлтөөс цэвэр ашгийн өсөлт өндөр буюу 62.9% байгаа бөгөөд үүнээс тус компанийн бүтээмж сайжирсан байна гэж дүгнэж байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ӨГӨӨЖ
2022 оны эхнээс өнөөг хүртэлх Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй I ангилалын хувьцаат компаниудын хувьд ханшийн өгөөж хамгийн өндөр компани нь Талх Чихэр ХК байгаа бөгөөд ханшийн өсөлт 8.1% байна.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ
Талх Чихэр ХК-ийн борлуулалтын орлого сүүлийн жилүүдэд тогтвортой өссөн бөгөөд борлуулалтын орлогыг давсан цэвэр ашгийн өсөлт нь тус компанийн бүтээмж нэмэгдэж байгааг илэрхийлж байна. Үүнд зах зээлийн тэлэлт, технологийн сайжруулалт өндөр нөлөөлсөн болов уу. Мөн эдийн засгийн өсөлт удааширсан боловч цаашдаа хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон өргөн хэрэглээний бараа үйлчилгээний салбар тогтвортой өссөөр байх хандлагатай байгаа тул Талх Чихэр ХК-ийн өсөлт тогтвортой үргэлжилсээр байна гэж таамаглаж байна. Гэвч P/E болон эзний өмчийн өгөөжийн харьцааг бусад TOP20 багцын хувьцаатай харьцуулахад хямд боловч бага өгөөжтэй хөрөнгө оруулалтад хамаарч байна.
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Хувьцаа
Арилжаа
Хаалтын ханш
Хаалтын огноо
Хамгийн дээд
Хамгийн доод
Үйлдэл | Огноо | Симбол | Үнэ | Хэмжээ | Биелэлт | Нийт дүн | Төлөв | Шимтгэл | Нөхцөлийн хугацаа |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
No data |
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
1 Сэтгэгдэл
Us****
Данс нээх яаж нээлгэх вэ
0
0
Сэтгэгдэл үлдээх