IPO хийсэн ХК-уудын ханшийн жилийн дундаж өсөлт 10.2%, үнэ ашгийн харьцаа 17x байна
ГОЛ ӨНЦӨГ:
- 2017 оноос хойш анхдагч зах зээл дээр нийт 13 компани IPO хийснээс 9 ХК-ийн нэгж хувьцааны ханш 16%-197% хувь өсөлт үзүүлсэн байна. Анх хувьцаа гаргах үеэс хувьцааны ханш унасан 4 ХК байгаа юм.
- Эдгээр 13 ХК-ийн хувьцаагаар багц бүрдүүлсэн тохиолдолд жилд дунджаар 10.2%-ийн өгөөж хүртэх боломжтой байжээ.
- Ашигт ажиллагаанд хараахан хүрээгүй байгаа СU болон ERDN компаниудыг хасаж, үлдсэн 11 ХК-ийн дундаж үнэ ашгийн харьцааг тооцвол 19.7x байна. Харин сүүлийн 10 жилийн хугацаанд I ангиллын компаниудын үнэ ашгийн дундаж харьцаа нь 18.71x байсан байна.
IPO хийснээс хойш хувьцааны ханшийн өөрчлөлтийг ажиглахад хамгийн их өөрчлөлт үзүүлсэн компаниуд нь Инвескор ББСБ болон Түмэн Шувуут ХК байсан ба өнгөрсөн хугацаанд жилд дунджаар 35% өсжээ.
IPO хийсэн компаниудын одоогийн ханшаар тооцсон дундаж үнэ ашгийн харьцаа 17.4x байгаа ба Ай Түүлс компани (P/E=70x) харьцангуй өндөр үнэлэгдсэн байгааг доорх графикаас харж болохоор байна. Инвескор, Монос хүнс, Түмэн шувуут зэрэг компаниуд дундажтай ойролцоо түвшинд харин үлдсэн компаниуд нь дунджаас доогуур буюу хямдхан үнэлэгдсэн байх магадлалтай харагдаж байна. Гэхдээ та бүхэн анхааруулахад, дан ганц энэхүү үржүүлэгчээр хямд, үнэтэй гэж хувьцааг дүгнэх нь учир дутагдалтай ба цаана нь компанийн ашигт ажиллагааны түүх, цаашдын өсөх боломж зэргийг судалж байж хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтдаа ашиглах нь зүйтэй юм.
Доорх графикуудаас 2017 оноос хойш IPO хийсэн хувьцаат компаниуд болон I ангиллын бусад хувьцаат компаниудтай дундаж үнэ ашгийн үржүүлэгчийг харьцуулан харж болно. IPO хийсэн компаниудын дундаж үнэ ашгийн харьцаа PE=19.7x байсан бол бусад хувьцаат компаниудын дундаж PE=18.7x байгаа нь шинэ компаниуд яльгүй өндөр үнэлгээтэйг илтгэж байна.
Бид энэхүү судалгааг 1 дүгээр сард олон нийтэд хүргэж байсан ба тухайн үетэй харьцуулахад, дээрх компаниудын хувьцааны жилийн дундаж өсөлт болон үнэ ашгийн харьцаа буурсан байгаа нь харьцангуй өндөр үнэлэгдсэн хувьцаануудын ханш буурч бодит үнэ цэндээ дөхсөний илрэл юм.
ТАЙЛБАР
P/E (x) үнэ ашгийн харьцаа гэж юу вэ?
Үнэ ашгийн харьцаа нь тухайн компанийн ашгийн 1 төгрөг тутамд хөрөнгө оруулагчдын төлөх мөнгөн дүн юм. Өөрөөр хэлбэл энэхүү үзүүлэлт нь тухайн компанийн цэвэр ашиг зах зээл дээр хэд дахин үржүүлэгдэж буйг илтгэх үзүүлэлт юм. Хэрэв энэхүү үзүүлэлт зах зээлийн дунджаас өндөр байвал одоогийн зах зээлийн үнэлгээ нь өндөр, хөөсөрсөн үнэлгээтэй, харин бага байвал, хувьцаа нь хямдхан үнэлэгдсэн байгааг илэрхийлдэг.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Монголын Хөрөнгийн Бирж
Хувьцаа
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх