Банк Реформер: Богд банкны 3-р улирлын цэвэр ашиг 2021 оны ашгаас давлаа, Харин ханш яах бол?
ГОЛ ӨНЦӨГ
- Богд банкны 2022 оны 3-р улирлын цэвэр ашиг ₮13.0 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс 56%-иар, өмнөх жилээс 27%-иар өссөн гүйцэтгэлтэй гарлаа.
- Үүнд хүүгийн орлого 67%, цэвэр хүүгийн орлого 84%-ийн өсөлт үзүүлсэн нь голчлон нөлөөлжээ.
- Балансын хувьд өмнөх оны мөн үеэс нийт хөрөнгө 43%, өөрийн хөрөнгө 56%, цэвэр зээл 50%-аар тус тус өссөн байна.
- Харин хувьцааны ханшид томоохон хөдөлгөөн гараагүй ба одоогийн байдлаар үнэ ашгийн харьцаа P/E=8.4x, үнэ дансны үнийн харьцаа P/B=1.2x байна.
Банкнуудын хагас жилийн тайлан гарах үед Богд банк хамгийн түрүүнд тайлангаа олон нийтэд зарлаж байсан бол энэ удаад Богд банк мөн адил 3-р улирлын тайлангаа хамгийн түрүүнд танилцууллаа. 2022 оны 3-р улирлын байдлаар тус банкны цэвэр зээлийн багц 50%-аар өссөн ба зээлийн багц өсөхийн хирээр чанаргүй зээлийн хувь бага зэрэг өсөж 3.4%-аас 3.6%-д хүрсэн байна. Гэсэн хэдий ч системийн ТОП 5 банктай харьцуулахад хамгийн бага чанаргүй зээлийн хувьтай байна. Харин ашгийн түвшин болон өөрийн хөрөнгө адил 56%-аар тус тус нэмэгдсэн бөгөөд өөрийн хөрөнгийн өгөөж 16.7% болсон нь өмнөх онтой ойролцоо түвшинд байна.
Ийнхүү компанийн хувьцааны ханш нь IPO хийсэн үеийн (₮2,540) ханшаас бууралт үзүүлсэн байгаа ба өнгөрсөн хугацаанд 1,920 хүртэл унасан бол одоо тухайн түвшинтэй ойролцоо буюу ₮2,050 дээр ирээд байна. Компанийн санхүүгийн үзүүлэлтүүд, орлого ашиг нэмэгдэж байхад үнэ хямдарч байгаагаас харахад хөрөнгө оруулагчдын хувьд илүү сонирхох нөхцөл бүрдэж байна. Түүнчлэн үнэ ашгийн харьцаа нь 8.4x байгаа нь ТОП 20 компанийн дунджаас 4 нэгжээр бага үзүүлэлт байлаа.
Богд банкны 3-р улирлын гүйцэтгэлээс харахад хүүгийн орлого өмнөх оны мөн үеэс 67%, өсөлттэй байсан нь өндөр өсөлт байлаа. Харин хүүгийн зардал өмнөх оны мөн үеэс 42% өссөнд энэ онд бодлогын хүү огцом нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Түүнчлэн хүүгийн зардал өссөн хэдий ч цэвэр хүүгийн орлого 84%-аар өссөн нь ашигт ажиллагаа сайн байсныг харуулж байна. Харин өөрийн хөрөнгийн өгөөж өмнөх оны түвшинд хадгалагдаж байна. (RoaE: дундаж өөрийн хөрөнгөөр тооцов).
Богд банк нь банкны салбарт активын 1%-ийг бүрдүүлдэг банк хэдий ч балансын үзүүлэлтүүдийн хувьд өндөр өсөлттэй гарчээ. Жишээлбэл, цэвэр зээлийн багц өмнөх оны мөн үеэс 50% өссөн харьцангуй өндөр үзүүлэлт юм. Цэвэр зээл жилд дунджаар 2 дахин өсөж байгаа ба зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн хувь 3.6% байгаа нь зээлийн чанар сайн байгааг илтгэж байна. Нийт хөрөнгийн хувьд 2018 оноос хойш өсөлттэй байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 43 хувиар өссөн байна. Үүнд хөрөнгө оруулалт болон зээлийн өсөлт голчлон нөлөөлсөн байна. Сүүлийн 5 жилийн дундаж өсөлт нь 65% байна.
БОГД БАНКНЫ ТУХАЙ
Богд банк нь 2014 онд байгуулагдсан хэдий ч богино хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж банкны салбарт өөрсдийн гэсэн байр сууриа эзлэн, орчин үеийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, өдгөө 56,000 гаруй харилцагч, 170 гаруй ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Улаанбаатар хотод 9, Эрдэнэт хотод 1 салбартай.
Богд банк нь Монголын банкны салбарт хийгдэж буй реформтой холбоотойгоор хамгийн анхны банкны IPO хийж, нийт хувьцааныхаа 20 хувь буюу 12,500,000 ширхэг хувьцааг нэгжийн 2,540 төгрөгөөр нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжаанд 1,243 хувь хүн, аж ахуйн нэгжээс нийт 33.2 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирж, татан төвлөрүүлэх зорилтот дүнгээс 4.6% давсан үзүүлэлт болсон юм. Хувьцааны ханш харьцангуй тогтмол байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн бирж дээрх хувьцааны хаалтын ханш ₮2,050 төгрөг байна.
Энэ оны эхний хагас жилд “Богд банк” ХК нь санхүүгийн голлох үзүүлэлтүүдээ эрс сайжруулснаас гадна харилцагчдадаа зориулсан хэд хэдэн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлжээ. Тухайлбал, Corporate Gateway үйлчилгээг бий болгосноос гадна Prime, Prime Reserve кредит картын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн байна. Мөн хугацаатай хадгаламжийнхаа хугацааг сонгох боломжийг бүрдүүлжээ.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ
Богд банкны 2022 оны 3-р улирлын гүйцэтгэлээр орлого 67%, ашиг 56% өссөн хэдий ч хувьцааны ханш нь анх IPO хийсэн үетэй харьцуулахад 20%-аар буурсан үзүүлэлттэй байна. Ийнхүү хувьцааны үнэлгээг тодорхойлдог үнэ ашгийн харьцаа P/E=8.4x байгаа нь Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын дундаж үнэлгээнээс харьцангуй хямдхан байна. Нөгөө талаар үнэ дансны үнийн харьцаа P/B=1.2x байгаа нь хурдацтай өсөж буй, хамгийн отгон арилжааны банкны хувьд боломжийн үнэлгээ юм. Харин бид цаашдаа тухайн банкны 2022 оны эцсийн гүйцэтгэл хэр байх, мөн тухайн үеийн ханш, зах зээлийн нөхцөл байдал зэргээс шалтгаалан дараа дараагийн дүгнэлтүүдийг хүргэх болно.
ТАЙЛБАР
Өөрийн хөрөнгийн өгөөж: Return on Equity буюу RoE үзүүлэлт нь сүүлийн 12 сарын нийт цэвэр ашгийг дундаж өөрийн хөрөнгөд харьцуулж тооцох замаар нэгж эздийн өмчид ногдох ашгийн хувийг илтгэдэг харьцаан үзүүлэлт юм.
Хэрвээ та Банкнуудын IPO-той холбоотой “Банк Реформер” хөрөнгө оруулалтын цогц зөвлөх үйлчилгээ авах бол доорх хаягуудаар бидэнтэй холбогдоорой.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Богд банк
Хаалтын ханш
Хаалтын огноо
Хамгийн дээд
Хамгийн доод
Үйлдэл | Огноо | Симбол | Үнэ | Хэмжээ | Биелэлт | Нийт дүн | Төлөв | Шимтгэл | Нөхцөлийн хугацаа |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
No data |
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх