Өнөөдөр биржид: Говь ХК-ийн хувьцааны авах-зарах ханшийн зөрүү хамгийн бага байна
.png)
2022 оны 10 сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 94 сая төгрөгийн үнийн дүн бүхий 434 мянган ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 хувьцаат компанийн ханш өсөж 15 хувьцаат компанийн ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байсан.
Арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр өссөн хувьцаат компани нь Тээвэр-Ачлал ХК, Булигаар ХК, Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК, Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК, ЛэндМН ББСБ ХК компаниуд байсан ба өсөлт нь 4.7%-аас 14.9%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
Харин арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр буурсан хувьцаат компаниуд нь Сүү ХК, Түмэн шувуут ХК, Хай би ойл ХК, Мерекс ХК болон Мик холдинг ХК компаниуд байсан ба бууралт нь -2.4%-аас -13.9%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
АВАХ-ЗАРАХ ХАНШИЙН ЗӨРҮҮ ГЭЖ ЮУ ВЭ?
Авах-Зарах ханшийн зөрүү /Bid-Ask spread/ нь тухайн үнэт цаасыг арилжаанд оролцогч нарын авахад бэлэн байгаа хамгийн өндөр үнэ болон хамгийн бага зарах үнийн зөрүүг илэрхийлдэг. Энэхүү зөрүү нь тухайн үнэт цаасны хөрвөх чадварыг илэрхийлдэг гол үзүүлэлтийн нэгд тооцогддог. Учир нь хэрэв үнэт цаас зах зээлд эргэлтэд хурдан ордог, тогтмол арилжаалагддаг бол энэхүү авах болон зарах үнийн зөрүү бага, хэрэв арилжааны идэвх бага бол өндөр байдаг. Жишээ нь Монголын Хөрөнгийн Бирж-д бүртгэлтэй Нэгдүгээр ангилалын болон Хоёрдугаар ангилалын хувьцааны өнөөдрийн арилжааны авах-зарах ханшийн зөрүүг хаалтын ханшид нь харьцуулсан дүнг авах-зарах ханшийн зөрүүний харьцааг тооцоолъё.

Авах-зарах ханшийн зөрүүний харьцаанаас үзэхэд нэгдүгээр ангилалд хамаарах хувьцааны авах-зарах ханшийн зөрүү хувиар дунджаар 3% бол хоёрдугаар ангилалд хамаарах хувьцааны авах-зарах ханшийн зөрүү хувиар дунджаар 10% байна. Үүнээс нэгдүгээр ангилалын хувьцаа илүү идэвхтэй арилжаалагддаг тул авах-зарах ханшийн зөрүү бага байна гэж дүгнэж болохуйц байна.
Харин тухайлсан хувьцаануудын хувьд хамгийн бага авах-зарах ханшийн зөрүүтэй компани нь өдрийн дундаж арилжааны дүнгээр тогтмол тэргүүлэгч Говь ХК болон АПУ ХК байна.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ
Авах-зарах ханшийн зөрүү нь хөрөнгө оруулагчийн хувьд гүйлгээний зардалд тооцогддог бөгөөд зах зээл хөгжсөн, хувьцааны хөрвөх чадвар өндөр байх тусам энэхүү зардал буурдаг билээ. Иймд цаашдаа хөрөнгийн зах зээл хөгжиж, оролцогч нар нэмэгдсэнээр энэхүү зөрүү буурах боломжтой байна.
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Хувьцаа
Арилжаа
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх


