Бодь даатгал - Салбартаа ямар байр суурьтай байгаа вэ?
ГОЛ ӨНЦӨГ
- Нийт хураамжийн орлогоороо салбартаа 3-т жагсаж байгаа хэдий ч цэвэр хураамжийн орлогоороо МХБ-д бүртгэлтэй компаниудыг тэргүүлж байна.
- 2022 оны эхний хагас жилийн байдлаар өөрийн хөрөнгийн өгөөж 3 нэгж хувиар өсөж 17% болсон нь салбарын дунджаас өндөр байна.
- Хохирлын харьцаа салбарын дунджаас дээгүүр байгаа бол хосолсон харьцаа салбарын дундажтай ойролцоо үзүүлэлттэй байна.
САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ
2022 оны хагас жилийн байдлаар санхүүгийн байдлын тайлан болон орлогын тайланг харахад нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар буурч 28.9 тэрбум төгрөг болжээ. Үүний гол шалтгаан нь мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө болон даатгалын авлагын бууралт байжээ. Харин Бодь Даатгалын нөөц сан 3.2 тэрбумаас 3.3 тэрбум болж 2.9 хувийн өсөлт үзүүлсэн байна. Энэ нь даатгалын эрсдэл нэмэгдэж хохирлын нөөц сан байгуулагдсантай холбоотой билээ. Бодь Даатгалын хувьд давхар даатгалаар тэргүүлдэг учир нийт хураамжийн орлого, цэвэр хураамжийн орлого нэмэгдсэн хэдий ч өндөр үйл ажиллагааны зардал болон гадаад валютын алдагдлаас үүдэн цэвэр ашиг 47.9 хувиар буурч 0.3 тэрбум төгрөг болсон юм.
САЛБАРЫН ГОЛЛОХ ХАРЬЦАА ҮЗҮҮЛЭЛТ
Даатгалын салбарын хувьд хохирлын харьцаа бол нийт хохирлын дүнг даатгалын хураамжтай харьцуулсан хэмжээ юм. Хэрэв компанийн хохирлын харьцаа нэмэгдвэл нөхөн төлбөрийн нөөц сангаа нэмэгдүүлэх шаардлагатай болдог. Харин хосолсон харьцаа нь нийт хохирол дээр зардал нэмэгдэж энэ дүнг нийт хураамжид харьцуулдаг. Уг харьцаа буурахын хэрээр компанийн ашигт ажиллагаа сайжирч байна гэж хэлж болно. 2022 оны хагас жилийн байдлаар салбарын дундаж хохирлын харьцаа болон хосолсон харьцаа тус тус 57 болон 117 хувь байгаа бол Бодь Даатгалын хохирлын харьцаа салбарын дунджаас дээгүүр үзүүлэлттэй харин хосолсон харьцаа салбарын дундажтай ойролцоо гарсан байна.
АШИГТ АЖИЛЛАГАА БА ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ
2022 оны эхний хагас жилийн байдлаар өөрийн хөрөнгийн өгөөж 17%-д хүрч өмнөх оны мөн үеэс 3 нэгж хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнд өөрийн хөрөнгийн 11%-аар буурсан нь голчлон нөлөөлсөн байна. Бодь даатгалын үэн ашгийн харьцаа 14.3x байгаа нь сүүлийн 3 жилийн дундажтай ойролцоо түвшинд байна. Энэ нь ханший хэлбэлзэл бага байгааг илтгэж байгаа юмм
САЛБАРТ ЭЗЛЭХ БАЙР СУУРЬ
Бодь даатгалын цэвэр хураамжийн орлого нь өмнөх оны мөн үеэс 13%-аар өсөж 11.2 тэрбум төгрөгт хүрсэн ба салбарын цэвэр хураамжийн 12.24%-ийг эзэлж, зах зээлд эзлэх 2-т, Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй компаниудаас 1-т жагсаж байна. Түүнчлэн нөхөн төлбөрийн цэвэр зардлын хэмжээгээр 15.8%-ийг эзэлж, зах зээлд эзлэх хувиар тэргүүлж байна. Түүнчлэн албан журмын орлогоор зах зээлд 2-т жагсаж байгаа бол албан журмын нөхөн төлбөрөөр тэргүүлдэг билээ.
ҮНЭЛГЭЭНИЙ ХАРЬЦАА 2022 ОНЫ 10 САРЫН БАЙДЛААР
Үнэ дансны үнийн харьцаа (P/B) болон үнэ ашгийн харьцаа (P/E) бага байх тусмаа сайн үзүүлэлт болдог хэдий ч үнэ дансны үнийн харьцааны хувьд компанийн үйл ажиллагаа явуулдаг салбараас хамааран өөр байдаг билээ. Эдгээр үзүүлэлтүүдээр Ард Даатгалын хувьцааны ханш бодит үнээс хазайж, хямд үнэлгээтэй биш болж, эздийн өмчийн өгөөж буурсан байгаа харагдаж байна. Мандал Даатгал болон Бодь Даатгал эздийн өмчийн өгөөж дунджаас дээгүүр байгаа ба үнэ нь бодит үнэлгээтэй ойролцоо гарчээ.
ДААТГАЛЫН КОМПАНИЙН ТУХАЙ
Бодь даатгал ХК нь 1995 онд Бодь Интернэшнл ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн 1995 оны 2 сарын 05-ны өдрийн 154 дугаар хурлын тогтоолоор “И Би Эйч Бодь Даатгал ХХК” нэртэй үүсэн байгуулагдаж, соёлын Төв Өргөөний 5 давхарт үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлжээ. Компани өдгөө 21 аймаг 330 сум, 26 салбар, 200 гаруй ажилтан, албан хаагч, 800 гаруй төлөөлөгч болон банкны даатгалын сүлжээгээр дамжуулан орон даяар даатгалын үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэж байна.
Олон улсын чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг даатгалын салбартаа анхлан нэвтрүүлснээр үр ашиггүй зардал буурч бүтээгдэхүүн үйлчилгээг шинэчлэн сайжруулж нөхөн төлбөр шийдвэрлэлтийн дундаж хугацаа буурсан ажээ.
САЛБАРЫН ТУХАЙ
2021 онд ердийн даатгалын 15, урт хугацааны даатгалын 1, давхар даатгалын 1, даатгалын зуучлагч 57, даатгалын хохирол үнэлэгч 25 компани болон 2403 даатгалын төлөөлөгч тусгай зөвшөөрөлтэйгөөр даатгалын зах зээлд үйл ажиллагаа явуулсан байна. Хорооны 2021 оны 277 дугаар тогтоолоор “Агула даатгал” ХХК-д ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх, Хорооны 2021 оны 383 дугаар тогтоолоор “Ай брокер” ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус олгосон.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ
Бодь Даатгал ХК-ийн 2022 оны 10-р сарын 7-ний хаалтын ханш 125.31 төгрөг байсан ба жилийн дундаж өсөлт IPO хийснээс хойш 4 хувийн өсөлттэй байгаа билээ. 2022 оны хагас жилийн тайлангийн гүйцэтгэлийг дүгнэхэд компанийн ашигт ажиллагааны үзүүлэлт болох цэвэр ашгийн 47.9%-ийн бууралт нь үйл ажиллагааны зардал болон гадаад валютын алдагдлын өсөлттэй холбоотой байна. Харин эздийн өмчийн өгөөж 3 нэгж хувиар өсөж 17% болж, үнэ ашгийн харьцаа 14.3x байгаа нь сүүлийн 3 жилийн дундаж түвшинтэй ойролцоо үзүүлэлт байна. Салбарт эзлэх байр суурийн хувьд цэвэр хураамжийн орлогоор 2-т, нөхөн төлбөрийн цэвэр зардлаар 1-т ордог. Түүнчлэн албан журмын даатгалын орлогоор 2-т жагсдаг бол нөхөн төлбөрөөр салбартаа тэргүүлэгч юм.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Бодь даатгал
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх