OTC Бонд #1: ББЗЗ-д 27 компани 300 гаруй тэрбум төгрөг босгожээ
ГОЛ ӨНЦӨГ
- Биржийн бус зах зээлийн (ББЗЗ) үйл ажиллагааны журмыг Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 12 сарын 9-д баталж, 2021 оны 6 сарын 30-д МҮЦАЭХ холбогдох бусад журмыг баталснаар тус зах зээлийн эрх зүйн орчин бүрдээд байна.
- 2020 оны 8 сараас эхлэн тус зах зээлд хаалттай бондууд арилжигдаж эхэлсэн.
- Нэг жилийн хугацаатай бонд түгээмэл гарч байгаа ба хүүгийн түвшин 13%-17% хооронд хэлбэлзэж байна.
2020 онд Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан бодлогын хүүг 6% хүртэл огцом бууруулсан нь 2021 онд хадгаламж, зээл болон бонд гэх мэт зах зээлийн хүүг дорвитой бууруулаад байна. Ийнхүү хүүгийн түвшний бууралттай өнөөгийн нөхцөл байдалд Биржийн бус зах зээлд бонд гаргах замаар компаниуд зардлаа хэмнэж, нөгөө талдаа хөрөнгө оруулагчид харьцангуй эрсдэл багатайгаар өгөөж хүртэх боломж бүрдээд байгаа юм. Энэ цаг мөчтэй давхцан Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос холбогдох журмуудыг батлах замаар Биржийн бус зах зээлийн эрх зүйн орчныг бүрдүүлсэн үйл явдал нь жинхэнэ утгаараа хаалттай хүрээнд мэргэжлийн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалт хийх боломжийг бий болголоо.
Энэхүү зах зээл нь хаалттай гэдэг утгаараа нээлттэй зах зээлтэй (биржийн зах зээл) харьцуулахад үнэт цаас гаргагчдад бага шалгуур тавьж, харин хөрөнгө оруулагчдад өндөр шалгуур тавьдаг гэдгээрээ онцлогтой. Учир нь хаалттай буюу биржийн бус зах зээл нь нээлттэй зах зээлтэй харьцуулахад илүү эрсдэл бүхий үнэт цаас арилжигддаг тул хөрөнгө оруулагчид нь тодорхой хэмжээний эрсдэл даах чадвартай байх шаардлагатай гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хувь хүн бол арилжаанд орсон туршлагаас гадна, сарын дундаж орлого (>₮10 сая) эсвэл цэвэр хөрөнгийн (>₮500 сая) доод хязгаарыг харин аж ахуй нэгж бол борлуулалт (>₮2.5 тэрбум, сүүлийн 3 жилийн аль нэгт), өөрийн хөрөнгийн (>₮1 тэрбум) доод хязгаарыг тогтоосон байдаг.
Манай компанийн зүгээс хөрөнгө хөрөнгө оруулагчдад зориулан хаалттай бондуудын хөндлөнгийн судалгааг хийж хүргэснээр илүү оновчтой шийдвэр гаргахад туслахын зэрэгцээ үнэт цаас гаргах компаниудад зах зээлийн нөхцөл байдалд нийцүүлэн хаалттай бонд гаргалт дээр андеррайтерийн үйлчилгээг санал болгон ажиллаж байна.
Түлхүүр үгс:
Биржийн бус зах зээл
OTC
Бонд
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх