Хөрвөх чадварын судалгаа М9 – Дунджаар жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцааны 10% нь арилжаалагддаг

2022 он 9 сар 23 өдөр
1239
2

ГОЛ ӨНЦӨГ

  • 2022 оны эхний 9 сарын байдлаар жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцааны 7.2% арилжаалагдсан байна.
  • 2007 оноос хойш хөрвөх чадвар өссөн трендтэй байгаа ба хамгийн ихдээ 2021 онд 27%-д хүрчээ.
  • Дэлхийн улс орнуудтай харьцуулахад хөрөнгийн зах зээлийн хөгжил сул хэдий ч 2021 онд зах зээлийн хөрвөх чадвар өмнөх оноос 10 дахин өссөн байна.

Чөлөөт хөрвөх хувьцаа буюу Free float гэдэг нь Компанийн нийт гаргасан хувьцааны 5%-аас бага хувийг эзэмшдэг жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцаагаар хэмжигддэг.

   Дэлхийн улс орнуудад хөрөнгийн зах зээлийн хөгжил харьцангуй өндөр байдаг. 2020 оны статистик мэдээгээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээний ДНБ-д эзлэх хувь 133% байна. Харин манай улсын хувьд энэ харьцаа харьцангуй бага буюу хөрөнгийн зах зээлийн хөгжил бусад улс оронтой харьцуулахад сул билээ. Гэхдээ энэхүү үзүүлэлт 2020 онд 8% байсан бол 2021 онд 14% болж өссөн байна. Мөн цаашид ч өсөх хандлагатай байна. 

   Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нийт зах зээлийн үнэлгээнд эзлэх арилжааны дүнгээр хэмждэг билээ. Тэгвэл энэ үзүүлэлт нь мөн адил дэлхийн улс орнуудын хувьд хангалттай өндөр байдаг. Харин манай улсын хувьд маш бага хэдий ч 2021 онд өмнөх онтой харьцуулахад 945%-аар буюу 10 дахин өсөж 23%-д хүрсэн үзүүлэлттэй байна.

   Энэхүү судалгаагаар Монголын хөрөнгийн биржийн I ангиллын 20 хувьцаат компанийн хөрвөх чадварыг илтгэдэг үзүүлэлт болох чөлөөт хөрвөх хувьцаанд эзлэх арилжигдсан хувьцааны ширхгийн дүнг авч үзлээ. 2022 оны эхний 9 сарын байдлаар нийт I ангиллын компаниудын арилжигдсан ширхгийн чөлөөт хөрвөх хувьцаанд эзлэх хувь дунджаар 7.2% байна. Монос Хүнс, АПУ, Ард санхүүгийн нэгдэл, Түмэн шувуут, Ард даатгал, Мандал, Мах Импекс болон Бодь даатгал ХК-ууд дунджаас өндөр буюу чөлөөт хөрвөх хувьцааны арилжаалагдаж буй идэвх харьцангуй сайн байна. Харин бусад ХК-уудын хувьд дунджаас доогуур буюу 0.3-7%-ийн хооронд байна. 

   Харин 2007-2022 оны хоорондох чөлөөт хөрвөх хувьцаанд эзлэх арилжигдсан ширхгийн дүн 2-27%-ийн хооронд байна. Энэ үзүүлэлт нь 2007 оноос хойш өссөн трендтэй буюу хөрвөх чадвар нэмэгдсэн харагдаж байна. 2007, 2008 болон 2009 оны зах зээлийн уналтын үеэр бууралт үзүүлсэн бол 2010 оноос өсөж 2012 онд 19%-д хүрсэн байна. Харин 2014 онд эргээд буурсан бол 2015 оноос эхлэн сэргэж 2018 онд 21 хувьд хүрсэн. 2019 оноос буюу ковид цар тахал эхэлсэн үеэс уналт үзүүлсэн хэдий ч 2021 онд хөрөнгийн зах зээлийг дэмжсэн бодлого, хөтөлбөрийн хүрээнд хамгийн өндөр өсөлтийг үзүүлж чадсан байна. Харин 2022 онд энэхүү үзүүлэлт нь 15 жилийн дунджаас бага байгаа юм.

   Хөрвөх чадварыг илтгэдэг өөр нэгэн үзүүлэлт нь өдрийн дундаж арилжаа билээ. Энэ үзүүлэлт 2022 оны эхний 9 сард эхний 8 сартай харьцуулахад 7 хувиар буурч 14.3 сая төгрөгт хүрсэн байна. Энэ сард ихэнх компаниудын арилжааны идэвх бага зэрэг бууралт үзүүлсэн байна. Харин Ард Санхүүгийн Нэгдэл, АПУ, Монос Хүнс болон Түмэн шувуут ХК нь арилжааны дунджаасаа дээгүүр үзүүлэлттэй байна. 

   Монголын хөрөнгийн биржийн I ангиллын 20 хувьцаат компанийн өдрийн дундаж арилжааг жилээр харвал сүүлийн 5 жилийн хугацаанд буюу 2017-2021 оны хооронд 4.1 дахин өссөн байна. Харин 2022 оны эхний 9 сарын байдлаар 14.3 сая төгрөгт хүрсэн нь өмнөх жилээс 48 хувиар, өмнөх сараас 7 хувиар буурсан байна.

   Харин сараар харвал энэ оны 1-р сараас 6-р сарын хугацаанд өдрийн дундаж арилжааны дүн бууралттай байсан бол 7-р сараас эхлээд өсөлт ажиглагдаж байсан хэдий ч  9-р сард энэ оны 1-р сараас 7 дахин буюу 86 хувиар, өмнөх сараас 18 хувиар буурсан байна.

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ

   Энэ сарын байдлаар Монголын хөрөнгийн биржийн I ангиллын 20 хувьцаат компаниудын хөрвөх чадвар өмнөх сараас бага зэрэг буурсан байна. Өдрийн дундаж арилжааны дүнгээр Ард Санхүүгийн Нэгдэл, АПУ, Монос Хүнс, болон Түмэн Шувуут ХК нь дунджаас дээгүүр үзүүлэлттэй идэвхтэй арилжаалагддаг харагдаж байна. Түүнчлэн чөлөөт хөрвөх хувьцаанд эзлэх арилжигдсан ширхгийн дүнгээр Монос Хүнс, АПУ, Ард санхүүгийн нэгдэл, Түмэн шувуут, Ард даатгал, Мандал, Мах Импекс болон Бодь даатгал ХК-ууд дунджаас өндөр байгаа юм. Эндээс дүгнэхэд дээрх 4 компани I ангилал дундаа идэвхтэй арилжаалагдаж байгааг батлан харуулж байна. Шинээр гарч байгаа IPO-тэй холбоотойгоор зах зээл сэргэх хүлээлттэй байсан хэдий ч одоогоор энэ нөлөөлөл харьцангуй бага байна. Гэхдээ санхүүгийн салбарт сүүлийн 30 жилд тохиогоогүй нэг томоохон шинэчлэл, банкны реформыг “Төрийн банк” ХХК нь олон нийтэд санал болгох хувьцаагаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж, эхлүүллээ. Ийнхүү системийн нөлөө бүхий банкнууд IPO хийж, хувьцаат компани болсноор хөрөнгийн зах зээл маань 2 дахин томрох боломжтой юм. Үүний хэрээр арилжааны идэвх, хөрвөх чадварын үзүүлэлт нэмэгдэж, хөрөнгийн зах зээл хөгжихөд илүү түлхэц болохнээ. 

   Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу. 

Түлхүүр үгс:

Хөрвөх чадвар

Чөлөөт хөрвөх хувьцаа

Монголын Хөрөнгийн Бирж

Таван Богд Капитал

Дэлхийн банк

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

2 Сэтгэгдэл

oi****ayaraa@gmail.com

2 жилийн өмнө

Мэдээлэл өгч байгаад баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье.

1

0

Pu****

2 жилийн өмнө

Баярлаа уучилаарай минии бүрүү өөриин аndroid дээр хувьцаа авах захиалах тал дээр нээгдэхгүй төвиин хэсэг дээр нээгдээд байдаг үүнээс болоод сүргалт мэдээ мэдээлэл авах боломжгүйг хэрхэн вэ

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)