АНУ-ын зах зээл: Бодлогын хүү өсөж хөрөнгийн зах зээл уналаа
ГОЛ ӨНЦӨГ:
- ХНС бодлогын хүүг 0.75%-аар нэмэгдүүлж хөрөнгийн зах зээлийн хувьцаанууд уналаа
- Jerome Powell “Бид инфляцыг зорилтот 2%-д хүртэл зогсох бодолгүй байна гэжээ”
Лхагва гарагт АНУ-ын ХНС-аас бодлогын хүүг дахин 0.75%-аар нэмэгдүүлж цаашид мөн энэхүү өсөлт гарсаар байна гэдгийг анхаарууллаа.
1980-аад он буюу сүүлийн 40-өөд жилийн дээд түвшинд дөхсөн инфляцыг бууруулахаар ХНС-аас бодлогын хүүг 3%-3.25%-ийн түвшин хүртэл өсгөлөө. Энэ нь 2008 оны эхэн үеэс хойших хамгийн өндөр бодлогын хүүгийн түвшин болж байна.
Бодлогын хүүгийн өсөлтийн дараа DJIA 1.70%-аар, Nasdaq индекс 1.79%-аар, S&P 500 индекс 1.71%-аар тус тус унасан байна. Хэдийгээр бодлогын хүү зах зээлийн таамагласан хувь хэмжээгээр өссөн ч ХНС-ын тэргүүн Jerom Powell-ийн мэдэгдлийн дараа илүү өндөр хувиар унажээ.

Jerom Powell ХНС-ын хурлын дараах хэвлэлийн бага хурал дээр “Би Jackson Hole эвентэд хэлж байсан үгээ энд давтаж хэлэх ёстой байх. ХНС инфляцыг зорилтот 2%-д хүртэл бууруулах нь хэвээрээ, мөн тэр хүртэл огтхон ч зогсох бодолгүй байна гэжээ.” Тэрээр цаашид ХНС үргэлжлүүлэн мөнгөний хатуу бодлогоо явуулсаар байвал эдийн засаг хямарна гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Өмнө нь тэрээр “зөөлөн газардалт” буюу эдийн засагт ачаа болохгүйгээр инфляцыг буулгах боломжтой гэж мэдэгдээд байсан билээ.
ХНС-ын гишүүдийн үзэж байгаагаар бодлогын хүүг 2024 он хүртэл эргэж бууруулахгүй. Үүнийгээ ч сүүлийн долоо хоногт онцлох болсон бөгөөд 2024 он хүртэл бодлогын хүү буурах магадлал тун бага байна.
Бодлогын хүүгийн өсөлт нь хэдий АНУ-ын банкнуудын нэг шөнийн “overnight” хүүтэй хамааралтай боловч иргэд аж ахуйн нэгжүүдийн хувьд орон сууцны урт хугацаат зээл, зээлийн карт, автомашины зээлтэй холбогддог байна. Товчлоод хэлбэл зээл авахад илүү их хэмжээний мөнгө төлөх буюу зээлийн өртөг нэмэгдэж банкнаас зээл авах иргэд аж ахуйн нэгжүүд багасах юм. Улмаар тэдгээр хүмүүс зарлагаа бууруулж, зардлаа танаснаар эдийн засаг агшиж цаашлаад хямрал болдог ажээ.
Эдийн засагчдын таамаглалаар ажилгүйдлийн түвшин одоогийн 3.7%-аас ирэх жил гэхэд 4.4%-д хүрж өсөхөөр хүлээгдэж байна. Тус 4.4%-ын ажилгүйдлийн түвшин бол эдийн засгийн хямралын үеийн түвшинтэй тун ойролцоо юм. Үүний зэрэгцээ АНУ-ын ДНБ-ын өсөлт 2 улирал дараалан агшаад байгаан дээр эдийн засагчид мөн адил өсөлтийн таамаглалаа бууруулаад байна.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:
ХНС-ын тэргүүн Jerome Powell-ийн мэдэгдэл нь зах зээлийг огцом савлахад хүргэж болзошгүй юм. Угаас хөрөнгө оруулагчид эдийн засгийн хямралаас айдастай байгаа бол түүний хэвлийн бага хурал дээр хэлсэн үг нь байдлыг улам дордуулав. Ямартай ч инфляц зорилтот 2%-д хүртэл ХНС зогсохгүй бодолгүй байгаа бололтой. Эдгээрээс дүгнэхэд бид АНУ-ын хөрөнгийн зах зээл илүү өндөр хувь хэмжээгээр унахыг харж болзошгүй юм. S&P 500 индексийн хувьд эхний ээлжид өнгөрсөн 6-р сарын 17-ны дэмжигч бүс болох 3,640 орчмын бүсийг шалгах магадлалтай байна. Хөрөнгө оруулагчид маань илүү хамгаалалтын хувьцаагаар багцаа бүрдүүлбэл үр ашигтай байна.
Эх сурвалж: https://www.cnbc.com/
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үг:
Азийн зах зээл
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.