TBC MENTOR#1 Бондод хөрөнгө оруулах 5 шалтгаан

2023 он 9 сар 6 өдөр
1202
1

ГОЛ ӨНЦӨГ

  • Хөрөнгөө инфляцаас хамгаалж тогтвортой өсгөх арга бол бондын хөрөнгө оруулалт
  • Эрсдэлээс айх биш эрсдэлээ удирдаж хөрөнгө оруулалт хийх боломжтой
  • Мэргэжлийн байгууллагуудын өндөр зохицуулалттай зах зээл
  • Хүссэн үедээ хоёрдогч зах зээл дээр арилжих боломжтой
  • Засгийн газрын бонд татвараас чөлөөлөгдсөн байдаг ба нээлттэй бондын татвар 5% байдаг

Хөрөнгөө инфляцаас хамгаалж тогтвортой өсгөх арга бол бондын хөрөнгө оруулалт
Инфляц бол үнийн өсөлтийг илэрхийлдэг үзүүлэлт бөгөөд инфляцын нөлөөгөөр мөнгөний худалдан авах чадвар буурч байдаг.  2023 оны 7-р сарын байдлаар Монгол улсад инфляцын түвшин 9.2% байгаа ба  хадгаламжийн дундаж хүү 12.7%, бондын дундаж хүү 20% тай байгаа юм.

Тэгвэл та 12.7% хүүтэй хадгаламжид мөнгөө хадгалуулсан бол таны хүртэх бодит өгөөж 3.5% байна. Харин 20% хүүтэй бонд авсан тохиолдолд таны хүртэх бодит өгөөжийн түвшин 10.8% байна гэсэн үг юм. 

Хүүгийн түвшин өндөр үед урт хугацаатай, өндөр өгөөжтэй өрийн хэрэгсэлд хөрөнгө оруулах нь хамгийн оновчтой шийдвэр байдаг.
Доорх графикт 2021 оны 8 сараас 2023 оны 7 сар хүртэлх бонд, хадгаламжийн хүү болон инфляцын түвшинг харьцуулж харууллаа.

Эрсдэлээс айх биш эрсдэлээ удирдаж найдвартай хөрөнгө оруулалт хийх боломжтой

Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад нөлөөлдөг томоохон хүчин зүйлийн нэг нь эрсдэл байдаг. Дийлэнх хөрөнгө оруулагчдын түгээмэл гаргадаг алдаа нь өндөр өгөөжтэй байх тусмаа өндөр эрсдэлтэй гэдгийг хайхардаггүй. Бондын хувьд хамгийн том эрсдэл нь үнэт цаас гаргагч компани хүүгийн төлбөр болон үндсэн төлбөрийг төлөх чадваргүй болох эрсдэл гардаг. Үнэт цаас гаргагч нэр хүндтэй, санхүүжилт татах чадвар сайн, том компани байвал эрсдэл багатай буюу бондын хүү ч харьцангуй бага байна. Харин жижиг, олонд төдийлөн танигдаагүй бөгөөд богино хугацаанд санхүүжилт татах шаардлагатай компанийн бондын хүү эрсдэлээ дагаад өндөр байдаг. 

Тэгвэл та бонд худалдан авахдаа өөрийн эрсдэл даах чадвараас хамаарч мэргэжлийн үнэт цаасны компаниар дамжуулан  үнэт цаас гаргагч компаниудын бизнес, мөнгөн урсгал, барьцаа баталгаа дээр магадлан шинжилгээ хийсний үндсэн дээр сонголтоо хийн хөрөнгө оруулах боломжтой.

Мэргэжлийн байгууллагуудын өндөр зохицуулалттай зах зээл 

Компани бонд гаргахын тулд эргэн төлөлт хийх чадвартай гэдгээ баталж мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт болон зөвшөөрлийг авах шаардлагатай байдаг ба үүнд андеррайтер, аудит, хуулийн фирм, санхүүгийн зохицуулах хороо, хөрөнгийн бирж зэрэг байгууллагууд оролцдог. Биржийн бус зах зээлийн эрх зүйн орчин 2021 онд бүрдсэнээр “Санхүүгийн зохицуулах хороо”-ний хяналт дор “Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо”-оор дамжуулан зохицуулалттай зах зээлд хаалттай бондууд гарч эхэлсэн. Одоогоор 100 орчим компанийн 1,5 их наяд төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлээд байна. 

Хүссэн үедээ хоёрдогч зах зээл дээр арилжих боломжтой

Та өөрийн эзэмшиж буй бондыг хоёрдогч зах зээлд дээр хүссэн үедээ арилжих боломжтой юм. 

Бондын үнэ нь ихэвчлэн нэрлэсэн үнэ болон тухайн өдрийг хүртэл бодогдсон хүүгийн нийлбэрээр тогтдог боловч зах зээлийн хөрвөх чадвараас хамаарч (discounted, premium) дээшээ эсвэл доошоо хэлбэлзэх боломжтой

Нээлттэй бондын арилжааны хувьд “Монголын хөрөнгийн бирж” -ээр арилжаалдаг бол хаалттай бондыг OTC буюу “Биржийн бус зах зээл” дээр арилждаг.

Засгийн газрын бонд татвараас чөлөөлөгдсөн байдаг ба нээлттэй бондын татвар 5% байдаг

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд хүүгийн орлого болон ногдол ашгийн орлогод 10% татвар ногдуулдаг. Мөн хаалттай бондын татвар 10% байдаг.

Монгол улсын хувьд 2020 оны 1-р сарын 1-ээс эхлэн  гадаад, дотоодын бирж дээр гарсан нээлттэй бондын хүүгийн орлогоос авах татварын хэмжээг 5% болгон бууруулсан.

Жишээ нь та 18% хүүтэй нээлттэй бонд худалдан авсан  тохиолдолд татварын дараах бодит өгөөж 17.1% байх юм. Харин 18% хүүтэй хаалттай бонд авсан тохиолдолд таны хүртэх бодит өгөөж 16.2% байна. 
 

 

Та бондын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх линкээр бүртгүүлээрэй. Бид тантай удахгүй холбогдох болно. https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757016

Түлхүүр үгс:

Таван богд капитал ҮЦК

Бонд

TBC MENTOR

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

1 Сэтгэгдэл

99****26

3 жилийн өмнө

Бонд авснаар Иргэдэд ирэх өгөөжийг энгийн үгээр тайлбарлавал зүгээр

1

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)