Өнөөдөр Монголд: Монгол Улсын эдийн засаг 2050 он гэхэд 10 дахин тэлнэ

2022 он 9 сар 8 өдөр
372
0

ГОЛ ӨНЦӨГ

  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс 2050 он гэхэд эдийн засгаа 10 дахин тэлнэ.
  • Эгийн голын УЦС гацаанаас гарч, шатахууныг урт хугацаанд тогтвортой үнээр авахаар боллоо.
  • “Coal Mongolia-2022”: Нүүрсний салбарын хөгжлийн дараагийн үе шатыг тодорхойлно.

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс 2050 он гэхэд эдийн засгаа 10 дахин тэлнэ.

   Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад оролцож байна.

Чуулганы үеэр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” (Монгол Улсын эдийн засгийг 2050 он гэхэд 10 дахин тэлэх зорилт тавьсан) түүнийг хэрэгжүүлэх эхний үе шатын 10 жилийн зорилго болох Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан бүс нутгийн ач холбогдолтой боомт, эрчим хүч, аж үйлдвэрийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн тухай танилцуулж, хөрөнгө оруулагчдыг идэвхтэй оролцохыг урьсан. Үүнд

  1. Боомтуудыг хөрш орнуудын стандарттай уялдуулж, олон улсын жишиг боомт болгон хөгжүүлэх бодлогыг бид Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд дэвшүүлээд байгаа. Боомтын хүчин чадал 3 дахин нэмэгдсэнээр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын ачаа тээврийн эргэлт 3 дахин өсөх боломжтой гэж үзэж байгаа.
  2. Зүүн босоо тэнхлэгийн төмөр замаар гурван улсын ачаа тээврийн транзитыг хийх төсөл. Энэ төсөл амжилттай хэрэгжвэл бид баруун босоо тэнхлэгийн төмөр замыг тавих боломжтой гэж үзэж байгаа бөгөөд урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулсан.
  3. Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хувьд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг БНХАУ-ын талтай хамтран хэрэгжүүлэхэд бэлэн болсон. Ирэх хавар төслийн үйл ажиллагаа эхэлнэ.

Түүнчлэн Шинэ сэргэлтийн бодлого амжилттай хэрэгжиж чадсанаар ДНБ багадаа 3 дахин тэлж, эрчим хүчний чадал 2.5 дахин нэмэгдэж, боомтын хүчин чадал 3 дахин, экспортын хэмжээ 2 дахин өснө гэсэн төсөөллийг бид хийсэн. Шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулахдаа ОХУ, БНХАУ-ын хөгжлийн бодлого төлөвлөлт, бүс нутгийн зорилготой нарийн уялдуулсан гэлээ.

Эгийн голын УЦС гацаанаас гарч, шатахууныг урт хугацаанд тогтвортой үнээр авахаар боллоо.

   Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа.

ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийг Ерөнхийлөгч В.В.Путин онцолж, эрчим хүчний төслүүдэд ч хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв. Мөн хоёр улс нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаар тодорхой тохиролцоонд хүрснийг уулзалтын үеэр цохон тэмдэглэлээ. 

Роснефть компанитай хэлэлцээ хийж 1,285 ам.долларт хүрээд байсан АИ-92 авто бензиний хилийн үнийг 830 ам.доллар болгон бууруулж, 2022 он дуустал үнийг тогтвортой хадгалахаар болоод байсан. Тус чуулганы үеэр албаны хүмүүс дахин яриа хэлэлцээ хийж АИ-92 авто бензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр буюу 830 ам.доллароор, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохирлоо.

Яриа хэлэлцээний үр дүнд олон жил гацсан Эгийн голын усан цахилгаан станц төслийн асуудлыг НҮБ-тай хамтран шийдвэрлэж, мэргэжлийн шинжээч, судлаачдын баг гарган ажиллуулж Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын усны нөөцөд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, эцэслэхээр тогтлоо.

ОХУ-ын зүгээс Эгийн голын усан цахилгаан станцын төсөл болон “ДЦС-З”-ын хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөхөд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Түүнчлэн Байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутаг дэвсгээр дамжуулах төслийг идэвхтэй хамтран хэрэгжүүлж 2029 онд ашиглалтад оруулахаар ярилцлаа.

“Coal Mongolia-2022”: Нүүрсний салбарын хөгжлийн дараагийн үе шатыг тодорхойлно.

   Монгол Улсад уул уурхайн салбар байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд “Coal Mongolia-2022” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт 2022.09.07-оос 2 өдөр үргэлжлэх юм. Энэ удаагийн чуулгаар манай улсын нүүрсний салбарын хөгжлийн дараагийн үе шатыг тодорхойлох, салбарын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэх, боловсруулах үйлдвэрлэлийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах, компанийн нийгмийн хариуцлагын харилцааг төлөвшүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээврийн нөхцөлийг сайжруулах зорилготой аж. 

Чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

Гашуунсухайтын боомтыг богино хугацаанд ашиглалтад оруулах гэж байна. Удахгүй Шивээхүрэнгийн боомтын ажил дуусна. Мөн Бичигтийн боомтыг ашиглалтад оруулснаар жилд 25 сая тн ашигт малтмал экспортлох боломжтой болно. Ингэснээр одоо байгаа 3 боомт 5 болж, манай улсын экспорт 2 дахин нэмэгдэнэ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд уул уурхайн салбарт нүүрс гүн боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулна гэжээ.

Монгол Улс нүүрс олборлолтоороо дэлхийд 17-д бичигддэг бөгөөд нүүрсний 15 сав газартай, 307 лицензтэй, чулуун нүүрсний 29, нийт 44 уурхайтай. Нийт 33 тэрбум 200 сая тонн нөөцтэй гэсэн статистик бий. Цар тахлын өмнө буюу 2019 онд 51,128,600 тонн нүүрс олборлосон нь дээд амжилт байлаа. Өнгөрсөн онд БНХАУ 55 сая тонн коксжих нүүрс импортоор авсны 26 хувь буюу 14 сая тонныг манай улсаас нийлүүлжээ.

Уул уурхайн салбар Монгол Улсын ДНБ-ий 24, аж үйлдвэрийн салбарын 67, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 76, экспортын 93 хувийг эзэлж байна. Өнгөрсөн онд төсвийн орлогын 29,6 хувь буюу 4,114,4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Чуулганы эхний өдөр шинэ сэргэлтийн бодлого нүүрсний салбарт, нүүрсний салбарын оролцогч талууд, уул уурхайн салбар дахь технологийн дэвшил инновац, нүүрсний зах зээл дэх өөрчлөлт түүний дүн шинжилгээ сэдвийн хүрээнд ярилцсан бол өнөөдөр Нүүрс экспортлогч компаниудыг зам тээврийн бодлогоор дэмжих талаар хэлэлцэж байна.

   Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу. 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Эдийн засаг

Нүүрсний салбар

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)