Банк Реформер: Богд банк ногдол ашгаа тарааж эхэллээ
ГОЛ ӨНЦӨГ
- Богд банк нь 2022 оны эхний хагас жилийн цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд 19.28 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ. Ингэснээр оны эхний хагаст 1.2 тэрбум буюу цэвэр ашгийн 15%-ийг ногдол ашиг болгон тараах юм. Ногдол ашгийн өгөөж нь 0.87% байна.
- Ногдол ашиг хүртэх эрхтэй хувьцаа эзэмшигчдийг 2022.08.09-ний өдрөөр тасалбар болгон тогтоож, эрх бүхий этгээдийн зөвшөөрөл шийдвэр ирснээс хойш 60 хоногийн дотор олгохоор шийдвэрлэсэн бөгөөд 2022.09.07-оос ногдог ашгаа тарааж эхэлсэн байна.
- Харин хувьцааны ханшид томоохон хөдөлгөөн гараагүй ба 2022.09.07-ны байдлаар үнэ ашгийн харьцаа P/E=12.1x, үнэ дансны үнийн харьцаа P/B=1.28x байна.
Ашигт ажиллагаа: Богд банкны хувьд цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 16%-аар өсөж 8 тэрбум төгрөгт хүрээд байна. Тэгвэл системийн нөлөө бүхий банкнуудын ашигт ажиллагаа 2022 оны эхний хагас жилд 2-оос 7 дахин өсөлттэй гарсан бөгөөд өсөлтийн хувиараа Голомт банк тэргүүлж, 2021 оны хагас жилийн гүйцэтгэлээ 7 дахин давсан үзүүлэлттэй байлаа. Хаан болон ХасБанкны өөрийн хөрөнгийн өгөөж 27 хувьд хүрч системийн 5 банкаа тэргүүлсэн бол Богд банкны хувьд ашгийн түвшин нэмэгдсэн хэдий ч нөгөө талдаа өөрийн хөрөнгө түүнээс их нэмэгдсэнтэй холбоотой өөрийн хөрөнгийн өгөөж 13.0% болж буурсан байна. Гэсэн хэдий ч хүүгийн орлого өмнөх оны мөн үеэс 57% өсөлттэй байсан нь бусад банкнуудтай харьцуулахад хамгийн өндөр өсөлт байлаа.
Зохистой харьцаа: Арилжааны банкнуудын хувьд Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллах шаардлагатай байдаг. Эдгээр үзүүлэлтүүдээс өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтүүдийг графикт харуулав. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа нь Богд банкны хувьд 39% байгаа нь бусад банкнуудтай харьцуулахад хамгийн өндөр түвшинд байна. Харин ТОП 5 банкнуудын хувьд 14.4%→18.8% (>12%) байна. Энэ үзүүлэлт нь тухайн банк одоогийн байгаа өөрийн хөрөнгийн түвшинд хэр их хэмжээний эх үүсвэр татаж, томрох боломжтойг харуулдаг бөгөөд Монголбанкны шалгуур 12% руу дөхөх тусам энэ боломж хязгаарлагдмал болдог.
Зээл ба эх үүсвэр: 2022 оны эхний хагас жилд банкны салбарын зээлийн дүн өмнөх оны мөн үеэс 23%, өмнөх оны эцсээс 13% өсөлттэй гарсан ба үүнд Хаан, Хас болон Богд банк голлох өсөлтийг бүрдүүлэв. 2022 оны эхний хагас жилд Богд банкны цэвэр зээлийн багц 61%-аар өсөхийн зэрэгцээ чанаргүй зээлийн хувь буурсан буюу 4.5%-аас 3.3%-д хүрсэн байна. Харин банкны секторын нийт харилцах, хадгаламжийн дүн өмнөх оны мөн үеэс бага зэрэг бууралттай байлаа. Эсэргээрээ Богд банкны нийт харилцах, хадгаламжийн дүн өмнөх оны мөн үеэс 42%-аар өсөж 176 сая төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байна.

Нийт хөрөнгө ба өөрийн хөрөнгө: 2022 оны эхний хагас жилд банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үеэс 5% өсөж 42 их наяд төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байна. Богд банкны нийт хөрөнгийн өсөлт 42%-д хүрч бусад банкнуудаа тэргүүлсэн бол Голомт болон ХХБ-ний нийт хөрөнгө 9-10 хувийн өсөлт үзүүлсэн байна. Харин Хаан, Төр болон Хасбанкны нийт хөрөнгө харьцангуй тогтвортой байна. Эхний хагас жилээр банкнууд өөрийн хөрөнгөө 4-57 хувийн хооронд нэмсэн үзүүлэлттэй байна. Энэ дунд ХХБ-ний өөрийн хөрөнгийн өсөлт хамгийн бага буюу 4% байгаа бол Богд банкны өөрийн хөрөнгийн өсөлт хамгийн өндөр буюу 57% байна. Хаан(32%), Голомт(23%), Төр(18%) болон Хасбанк(44%)-ийн тус тус өсөлтийг үзүүлсэн байна.

Зээл болон Хадгаламжийн хүү: Банкнуудын шинээр олгож буй төгрөгийн болон валютын зээлийн хүүгийн хувь 2021 оны байдлаар нийт хүүгийн түвшний бууралтыг дагаад буурсан үзүүлэлттэй байв. Харин 2022 он гарснаар бодлогын хүүг 10% болгож өсгөсөн нь цаашдын хүүгийн түвшин өсөх нөхцөлийг бүрдүүлээд байна. Харин нийт шинээр татсан хадгаламжийн жигнэсэн дундаж төгрөгийн хүү 2021 оны байдлаар 5.8% болтол огцом буурсан бол 2022 оны эхний хагас жилд эргээд 7.7% болж өссөн. Өнгөрсөн хугацаанд валютаас илүү төгрөгийн хадгаламжийн хүү огцом савласан дүр зурагтай байна.
Хувьцааны ханш
Ийнхүү компанийн хувьцааны ханш нь IPO хийсэн (₮2,540) ханшаас 13 хувийн бууралт үзүүлсэн байгаа ба өнгөрсөн хугацаанд 1,920 хүртэл унаад эргэн өсөж, ₮2,200 дээр ирээд байна. Компанийн санхүүгийн үзүүлэлтүүд, орлого ашиг нэмэгдэж байхад анхны үнэ дээрээ байгаагаас харахад хөрөнгө оруулагчдын хувьд илүү сонирхох нөхцөл бүрдэж байна.

ДҮГНЭЛТ:
Богд банк нь 2022 оны хагас жилийн гүйцэтгэлээр ашиг 16% өссөн нь системийн ТОП 5 банктай харьцуулахад хангалттай өндөр биш хэдий ч хүүгийн орлогын өсөлт(57%) болон цэвэр зээлийн өсөлтөөрөө(62%) бусад банкнуудаа тэргүүлсэн байна. Харин банкнуудын нийт харилцах, хадгаламжийн хувьд өмнөх оны мөн үеэс бага зэрэг бууралттай байгаа бол эсрэгээрээ Богд банкны нийт нийт харилцах, хадгаламж 41%-аар өссөн үзүүлэлттэй байна.
Богд банк нь Монголын банкны салбарт хийгдэж буй реформтой холбоотойгоор хамгийн анхны банкны IPO хийсэн банк юм. Хувьцааны ханш нь анх IPO хийсэн үетэй харьцуулахад 13%-аар буурсан үзүүлэлттэй байна. Харин хувьцааны үнэлгээг тодорхойлдог үнэ ашгийн харьцаа P/E=12.1x байгаа нь Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын дундаж үнэлгээнээс хямдхан байна. Нөгөө талаар үнэ дансны үнийн харьцаа P/B=1.28x байгаа нь хурдацтай өсөж буй, хамгийн отгон арилжааны банкны хувьд боломжийн үнэлгээ юм. Харин бид цаашдаа тухайн банкны 2022 оны эцсийн гүйцэтгэл хэр байх, мөн тухайн үеийн ханш, зах зээлийн нөхцөл байдал зэргээс шалтгаалан дараа дараагийн дүгнэлтүүдийг хүргэх болно.
ТАЙЛБАР
Өөрийн хөрөнгийн өгөөж: Return on Equity буюу RoE үзүүлэлт нь сүүлийн 12 сарын нийт цэвэр ашгийг дундаж өөрийн хөрөнгөд харьцуулж тооцох замаар нэгж эздийн өмчид ногдох ашгийн хувийг илтгэдэг харьцаан үзүүлэлт юм.
Хэрвээ та Банкнуудын IPO-той холбоотой “Банк Реформер” хөрөнгө оруулалтын цогц зөвлөх үйлчилгээ авах бол доорх хаягуудаар бидэнтэй холбогдоорой.

Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Богд банк
Хаалтын ханш
Хаалтын огноо
Хамгийн дээд
Хамгийн доод
Үйлдэл | Огноо | Симбол | Үнэ | Хэмжээ | Биелэлт | Нийт дүн | Төлөв | Шимтгэл | Нөхцөлийн хугацаа |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
No data |
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх