НОГДОЛ АШГИЙН СУДАЛГАА: НОГДОЛ АШИГ ТАРААЛТ БОЛОН ӨГӨӨЖӨӨР АПУ ХК ТЭРГҮҮЛСЭЭР
ГОЛ ӨНЦӨГ
- Монголын хөрөнгийн биржийн I ангиллын 22 компаниудаас 17 ХК нь 2021 оны цэвэр ашгаасаа нийт 143 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаа зарлаад байна.
- Эдгээр компани нь цэвэр ашгаасаа 5%-аас 100% хүртэлх дүнгээр ногдол ашиг болгон зарлаж байгаа нь одоогийн ханшаар тооцвол, хөрөнгө оруулагчдад дунджаар 2.4%-ийн өгөөж хүртээж байна. Үүнээс АПУ ХК нь хамгийн өндөр ногдол ашгийн өгөөжтэй (6.2%-одоогийн ханшаар) байна.
- 2013 оноос хойших 9 жилийн ногдол ашиг тараалтын судалгаанаас харахад, I ангиллын компаниудын дундаж өгөөж 4.2%, нийт бүртгэлтэй ХК-ийн дундаж өгөөж 4.9% байна. (Ногдол ашгийн өгөөжийн тооцооллыг жилийн дундаж хувьцааны ханшийг ашиглан тооцсон)
2013 оноос хойш 65 хувьцаат компани ногдол ашгаа 1 ба түүнээс дээш удаа тараасан ба нийт 803 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хөрөнгө оруулагчдадаа тараажээ. Харин үүнээс АПУ, Тавантолгой ХК нь нийт тараасан ногдол ашгийн 83%-ийг эзэлж байна.
АПУ ХК нь энэ хугацаанд тараасан ногдол ашгийн дүн хамгийн өндөр буюу 366 тэрбум төгрөгт хүрсэн ба 2018-2020 онд хойш цэвэр ашгаасаа давсан дүнгээр (DPR>100%) ногдол ашиг тараажээ. Харин 2021 онд 2 удаагийн тараалтаар ₮112 тэрбумын ногдол ашгийг хөрөнгө оруулагчдадаа өгч байгаа юм. Ийнхүү ногдол ашиг тараахаа зарлаад байгаа ч АПУ ХК нь 2021 оны цэвэр ашиг хараахан зарлаагүй байна. Тиймээс бид 3-р улирлын 117 тэрбум төгрөгийн цэвэр ашигт үндэслэн таамагласан жилийн ашгаас ногдол ашиг тараалтын харьцааг тооцон үзвэл 73.8% болж байна. Харин өнгөрсөн жилийн дундаж хувьцааны ханшаар (₮1,023) тооцсон ногдол ашгийн өгөөж 10.4% харин одоогийн хаалтын ханшаар (₮1,697) тооцсон өгөөж 6.2% байгаа нь бусад компаниудтай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт юм.
Хөрөнгө оруулагч таны хувьцааг нь эзэмшиж буй компани ямар дүнгээр ногдол ашиг тараах гэдгээс илүүтэйгээр ногдол ашгийн өгөөж гэдэг үзүүлэлтээр хөрөнгө оруулалтын өгөөжөө хэмжих нь зүйтэй байдаг. Монголын хөрөнгийн биржийн I ангиллын 22 хувьцаат компанийн ногдол ашиг тараалтыг сонирхоцгооё.
2021 оны цэвэр ашгаас эдгээр компаниудаас 17 хувьцаат компани нь ногдол ашиг тараахаар зарлаад байгаа ба одоогийн ханшаар тооцвол хөрөнгө оруулагчдадаа дунджаар 2.4%-н ногдол ашгийн өгөөж хүртээж байна. 2020 оны дундаж хувьцааны ханшаар тооцвол, I ангиллын ХК-н дундаж ногдол ашгийн өгөөж 4.2% байсан ба 2021 онд 3% болж буурсан нь ногдол ашиг тараалтын бууралтаас бус 2021 оны хувьцааны ханшийн өндөр өсөлтөөс шалтгаалав. Үүнээс АПУ ХК нь жилд 2 удаагийн тараалтаар I ангилалдаа хамгийн өндөр өгөөж болох 6.2%-н ногдол ашгийн өгөөжтэй хувьцаа боллоо. Мөн сүүлийн жилүүдэд IPO хийсэн компаниуд тогтвортой бодлого хэрэгжүүлж байгааг Түмэн шувуут, Монос хүнс, Мандал даатгал, ЛэндМН, Ард даатгал, Ард Кредит, Бодь даатгал, Монгол шуудан зэрэг хувьцаат компаниудаас харж болох ба эдгээр компаниуд цэвэр ашгийн 10-50%-ийг ногдол ашиг болгон тараадаг байна.
Удахгүй хувьцаат компаниудын ТУЗ хуралдаж, ХЭХ-ийн товыг зарлах ба ингэснээр хувьцааны бүртгэлийн өдөр тодорхой болно гэсэн үг юм. Харин энэхүү бүртгэлийн өдөр ногдол ашиг тараах компанийн хувьцааг эзэмшиж буй хөрөнгө оруулагч бүхэн ногдол ашиг авах эрхтэй байдаг гэдгийг мэдэж байх нь зүйтэй юм.
Ийнхүү компаниудын хамгийн сүүлийн үеийн санхүүгийн тайлан, анализ болон ногдол ашгийн судалгааг үндэслэн ногдол ашгийн өгөөжийг ойролцоогоор таамаглах, ханшийн өсөлтөөс гадна нэмэлт өгөөж өгөхүйц хувьцаа сонгох зэрэг оновчтой хөрөнгө оруулалтын шийдвэрт тань нэмэр болохуйц бүхий л судалгааг манай компанийн шинжээчид бэлтгэн та бүхэнд хүргэх болно.
ҮГИЙН ТАЙЛБАР
Ногдол ашиг тараалтын харьцаа (DPR): Цэвэр ашгийн хэдэн хувийг ногдол ашиг болгон тарааж буйг илтгэнэ.
Нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг (DPS): Нийт тараасан ногдол ашгийн дүнг компанийн гаргасан хувьцааны тоонд хувааж тооцно.
Ногдол ашгийн өгөөж (Dividend yield): Нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг нь нэгж хувьцааны ханшийн хэдэн хувийг эзэлж байгаагаар хэмжигдэнэ. Энэхүү судалгаанд нэгж хувьцааны ханшийг жилийн дундаж ханшаар тооцсон болно.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж, Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчдийн тооцоолол
Түлхүүр үг:
ногдол ашиг
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
1 Сэтгэгдэл
РА****
сайхаан
0
0
Сэтгэгдэл үлдээх