Инфляц, бодлогын хүүгийн өсөлтийг дагаад шинээр гарч буй бондын хүү өссөөр байна

2022 он 8 сар 31 өдөр
1716
0

ГОЛ ӨНЦӨГ

  • Өнгөрсөн нэг жилийн хугацаанд биржийн бус зах зээл дээр нийт 50 компани 600 гаруй тэрбум төгрөгийн хаалттай бонд гаргаад байна. Харин 12 сарын хугацаатай дийлэнх бондуудын хүү 13%-аас 19%-ийн хооронд хэлбэлзжээ.
  • 2022 он гарснаас хойш бодлогын хүү үе шаттай нэмэгдсээр 10%-д хүрснээр хадгаламж болон бондын хүү дагаад өсөх хандлагатай байна.
  • Харин одоогийн өндөр инфляц (7-р сарын улсын инфляц: 15.7%) нь бодит хүүгийн түвшинг маш доогуур түвшинд барьж байна.

Биржийн бус зах зээлийн (ББЗЗ) үйл ажиллагааны журмыг Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 12 сарын 9-д баталж, 2021 оны 6 сарын 30-д МҮЦАЭХ холбогдох бусад журмыг баталснаар тус зах зээлийн эрх зүйн орчин бүрдсэн билээ. Ийнхүү 2021 оны 8-р сараас эхлэн тус зах зээлд хаалттай бондууд арилжигдаж эхэлсэн ба 2022 оны 8-р сар гэхэд 600 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлээд байна. Үүнээс МУХөгжлийн банкны гаргасан 219 тэрбум төгрөгийн хаалттай бондыг хасаж тооцвол 50-аад компани 400 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт татжээ.

Дээрх гаргасан бондууд нь 3 сараас 36 сар хүртэлх хугацаатай бөгөөд хугацаанаас хамааран хүүгийн түвшин харилцан адилгүй юм. Харин дийлэнх нь 12 сарын хугацаатай бондууд байсан ба тэдгээрийн хүү 13-19% хооронд хэлбэлзсэн статистик үзүүлэлттэй байгаа юм.

Зах зээл дэх хүүгийн түвшнийг тодорхойлдог хамгийн суурь үзүүлэлт нь бодлогын хүү байдаг. 2020, 2021 оны ковидын нөхцөл байдалтай холбогдуулан мөнгөний тэлэх бодлого баримталж, бодлогын хүүг 6% хүртэл бууруулаад байсан бол 2022 оны эхнээс Мөнгөний бодлогын зөвлөлөөр 3 удаа хүүг өсгөж, 10%-д хүргээд байна. Энэ нь өнгөрсөн онд нам дор түвшинд хүрсэн зах зээл дэх хүүгийн түвшинг эргээд өсгөх гол нөхцөлийг бүрдүүлсэн юм. 

Ийнхүү энэ оны 2-р улирлаас банкуудын хадгаламж, зээлийн хүү төдийгүй бондын хүү эргэн өсөж, 7-р сарын байдлаар нийт шинээр татсан төгрөгийн хадгаламжийн дундаж хүү өнгөрсөн оны эцсээс 2 гаруй нэгж хувиар өсөлт үзүүллээ. Ингэснээр хадгаламжийн үлдэгдэлд жигнэж тооцсон хүү оны эцсээс 0.5 нэгж хувиар нэмэгдсэн байна.

Хэдийгээр хадгаламж, бондын хүү нэмэгдэж байгаа ч манай улсын инфляцийн өндөр түвшин нь хадгаламж эзэмшигч болон бонд эзэмшигчдийн бодит өгөөжийг нам дор түвшинд барьж байна. Өөрөөр хэлбэл, хадгаламж эзэмшигчид инфляцийн нөлөөгөөр мөнгөний үнэ цэнээ алдаж байгаа бол бонд эзэмшигчдын хувьд мөнгөний үнэ цэнээ алдахгүй хадгалах боломж байгаа юм. Гэхдээ бондын хөрөнгө оруулалт нь хадгаламжаас илүү эрсдэлтэйд тооцогддог учир хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэл багатай сайн компанийг олж хөрөнгө оруулах нь маш чухал юм.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Биржийн бус зах зээл

Инфляц

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)