Хагас жилээр ногдол ашиг тараах компаниудын бодит өгөөж хэд вэ?
ГОЛ ӨНЦӨГ
- Монголын хөрөнгийн биржийн I ангиллын 20 компаниудаас АПУ ХК, СҮҮ ХК болон Богд Банк ХК нь 2022 оны эхний хагас жилийн цэвэр ашгаасаа 15%-58%-ийг ногдол ашиг болгон тараахаа зарлаад байна.
- Ингэснээр 2022 оны 8 дугаар сарын 23-ны ханшаар тооцвол, хөрөнгө оруулагчид 0.9%-аас 3.3% хооронд ногдол ашгийн өгөөж хүртэхээр харагдаж байна.
АПУ ХК-ийн хувьд 2020 оноос эхлэн жилд 2 удаа ногдол ашиг тараадаг болсон. Тус компани нь 2021 оны эхний хагас жилд нэгж хувьцаанд 46 төгрөгийн ногдол ашиг тарааж байсан бол энэ онд нэгж хувьцаанд 45 төгрөгийн ногдол ашиг тарааж байгаа нь өмнөх онтой ойролцоо түвшинд байна. Түүнчлэн 2021 онд 48.9 тэрбум буюу цэвэр ашгийн 60%-ийг ногдол ашигт тарааж байсан бол энэ онд 47.8 тэрбум буюу цэвэр ашгийн 58%-ийг ногдол ашигт тараахаар болсон байна. Энэ нь мөн адил хоорондоо ойролцоо дүнгүүд байгаа юм. Харин 2021 онд хөрөнгө оруулагчид ногдол ашгаас 4.5%-ийн өгөөж хүртэж байсан бол энэ онд 3.25%-ийн өгөөж хүртэхээр байгаа юм. Ногдол ашиг тараах бүртгэлийн огноог 8-р сарын 22-ны өдрөөр тогтоосон байна.
СҮҮ ХК-ийн хувьд 2021 оноос эхлэн жилд 2 удаа ногдол ашиг тараадаг болсон билээ. Тус компани нь 2021 онд нэгж хувьцаанд 5.14 төгрөгийн ногдол ашиг тарааж байсан бол энэ онд нэгж хувьцаанд 4.6 төгрөгийн ногдол ашиг тараахаар болсон нь өнгөрсөн жилээс бага үзүүлэлт байна. Харин 2021 оны эхний хагаст нийт 1.77 тэрбум төгрөг буюу цэвэр ашгийн 30%-ийг ногдол ашигт тарааж байсан бол энэ оны эхний хагаст нийт 1.58 тэрбум буюу нийт ашгийн 45%-ийг ногдол ашигт тараахаас болсон нь үнийн дүнгээр өмнөх оноос бага хэдий ч цэвэр ашигт эзлэх хувь нь өндөр байгаа юм. Түүнчлэн 2021 онд хөрөнгө оруулагчид ногдол ашгаас 1.7%-ийн өгөөж хүртэж байсан бол энэ онд 0.92%-ийн өгөөж хүртэхээр байна. Ногдол ашиг тараах бүртгэлийн огноог 9-р сарын 6-ны өдрөөр тогтоосон.
Харин Богд Банк ХК нь IPO хийснээс хойших анхны ногдол ашгаа тарааж байна. Энэ оны эхний хагас жилд нэгж хувьцаанд 19.28 төгрөгийн нийт 1.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар боллоо. Энэ нь цэвэр ашгийн 15% бөгөөд одоогийн ханшаар тооцвол өгөөж нь 0.87% байгаа юм. Ногдол ашиг тараах бүртгэлийн огноог 8-р сарын 9-ний өдрөөр тогтоосон байна.
ДҮГНЭЛТ
Хөрөнгө оруулагч таны хувьцааг нь эзэмшиж буй компани ямар дүнгээр ногдол ашиг тараах гэдгээс илүүтэйгээр ногдол ашгийн өгөөж гэдэг үзүүлэлтээр хөрөнгө оруулалтын өгөөжөө хэмжих нь зүйтэй байдаг. Тэгвэл 2022 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас АПУ ХК, СҮҮ ХК болон Богд Банк ХК нь ногдол ашиг тараахаар зарлаад байгаа ба одоогийн ханшаар тооцвол хөрөнгө оруулагчдадаа дунджаар 1.68%-н ногдол ашгийн өгөөж хүртээж байна. Харин эдгээр компаниудаас 2021 онд АПУ ХК болон СҮҮ ХК ногдол ашиг тарааж байсан ба ногдол ашгийн дундаж өгөөж нь 2021 оны дундаж хувьцааны ханшаар тооцвол 3.1% байсан бөгөөд энэ нь ногдол ашиг тараалтын бууралтаас бус 2022 оны хувьцааны ханшийн өсөлтөөс шалтгаалсан байна.
ТАЙЛБАР
Ногдол ашиг тараалтын харьцаа (DPR): Цэвэр ашгийн хэдэн хувийг ногдол ашиг болгон тарааж буйг илтгэнэ.
Нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг (DPS): Нийт тараасан ногдол ашгийн дүнг компанийн гаргасан хувьцааны тоонд хувааж тооцно.
Ногдол ашгийн өгөөж (Dividend yield): Нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг нь нэгж хувьцааны ханшийн хэдэн хувийг эзэлж байгаагаар хэмжигдэнэ.
Бүртгэлийн өдөр: Тус өдрөөс 2-3 хоногийн өмнө хувьцаа авах захиалга өгснөөр, эзэмшиж буй хувьцаанаас ногдол ашиг хүртэх бүрэн боломжтой билээ.
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Ногдол ашиг
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх