Mongolian Mining Corporation-н бондын жилийн өгөөж 30%-д хүрлээ
Гол өнцөг
- Mongolian Mining Corporation-ны зээлжих зэрэглэлийг буулгах эсэх судалгааг Moody’s хийнэ
- MMC-д бондоо эргэн төлөх хангалттай бэлэн мөнгө бий юу?
- MMC нь 2023 оны эхний улирал өсөлттэй байна.
Moody’s MMC-н зээлжих зэрэглэлийг буулгах магадлалтай байна
Mongolian Mining Corporation-ны зээлжих зэрэглэлийг Moody’s тогтвортой буюу B3-аас буулгах эсэх судалгааг эхлүүлж байгаагаа энэ сарын 7-ны өдөр албан ёсны вэбсайт дээрээ мэдээлсэн байна.
“Зээлжих зэрэглэлийг бууруулах судалгаа хийж байгаа нь MMC-н 350 сая $ үлдэгдэлтэй бондын дахин санхүүжүүлэх эх үүсвэр тодорхойгүй хийгээд дараагийн 12-18 сарын хооронд үүсэх бондын эргэн төлөлт болон бусад мөнгөн гүйлгээнд компанийн одоогийн мөнгөн урсгал хангалтгүй байгаатай холбоотой” гэж Moody’s дэд ерөнхийлөгч, ахлах шинжээч Shawn Xiong хэлсэн байна.
Түүнчлэн 2023 оны 4-р сард MMC зүгээс одоо байгаа бондыг буцаан худалдан авах болон шинэ бондоор солих тендерээ цуцалсан бөгөөд одоогоор хэрхэн бондыг төлбөрийг төлөх санхүүжилт босгох нь тодорхойгүй байсаар байна.
![](http://trader.tavanbogdcapital.com/uploads/news/13-06-2023/MMC.jpg)
Тендер цуцалснаас хойш MMC бондын худалдан авах дээд үнэ 97–с 90 хүртэл унаад байсан билээ. Түүнчлэн Moody’s уг мэдэгдлийг гаргасны дараагаас худалдан авах дээд үнэ 85.42 хүртэл унаад байна. Ингэснээр тус бондыг одоо худалдан авбал жилчилсэн өгөөж буюу YTM нь 30%-д хүрээд байна.
YTM гэдэг нь тухайн бондыг худалдан авбал жилийн хугацаанд ямар өгөөж өгөхийг харуулсан тооцоолол юм. MMC бондыг 10,000$ худалдан авбал жилийн өгөөж нь 30%. Харин уг бонд нь 10 сарын дараа дуусах тул бодитоор хүртэх өгөөж нь 25% байна.
![](http://trader.tavanbogdcapital.com/uploads/news/13-06-2023/YTM_2.jpg)
Доорх зурагт MMC үнэ болон YTM өгөөжийн хамаарлыг харуулсан бөгөөд хэрэв ханш 74.5 орчим хүртэл дахин унавал жилийн өгөөж 50%-д хүрэхээр байна.
![](http://trader.tavanbogdcapital.com/uploads/news/13-06-2023/YTM.jpg)
MMC –д бондоо эргэн төлөх хангалттай бэлэн мөнгө бий юу?
MMC-ны мөнгөн урсгалын тайланг 2022-2023 онуудаар харьцуулан доор зурагт харуулсан ба үйл ажиллагааны цэвэр мөнгөн урсгал 2022 онд 233.8 сая ам.доллар буюу оны өмнөхөөс 2.7 дахин өссөн байна. 2022 онд бэлэн мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө 41.9 сая ам.доллароор өсөж 64.6 сая ам.доллар болжээ. Гэвч энэ нь ирэх оны 4 сард төлөх 350 сая ам.долларын өрийг дархад хангалтгүй нь тодорхой харагдаж байна.
![](http://trader.tavanbogdcapital.com/uploads/news/13-06-2023/Cash_Flow.jpg)
MMC нь 2023 оны эхний улирал өсөлттэй байна.
MMC-ны эхний улирлын үйл ажиллагааны мэдээнээс харвал 3.8 сая тонн түүхий нүүрс олборлосон бөгөөд үүнээс 1.6 сая тонн нүүрсийг угааж коксжуулан боловсруулаад зарсан байна. Түүнчлэн 2022 оны мөн үеэс 11.8 дахин их хэмжээний түүхий нүүрсний олборлолт хийсэн ба угаасан коксжих нүүрсний борлуулалтын биет хэмжээ 3.4 дахин өссөн байна. Харин өмнөх улиралтай харьцуулбал борлуулсан коксжих нүүрсний хэмжээ 9% -р өссөн байгаа юм.
![](http://trader.tavanbogdcapital.com/uploads/news/13-06-2023/Operational_Update.jpg)
Шинжээчийн дүгнэлт:
MMC-н хувьд 2023 онд өсөлттэй байгаа хэдий ч 350 сая ам долларын эргэн төлөлт хийх хэмжээний бэлэн мөнгөний үлдэгдэл 2024 он гэхэд бүрдэх магадлал бага байна. Иймээс дахин санхүүжилт эсвэл дахин бүтэцчилэх ажил зохион байгуулах шаардлага үүсэж байна. Гэвч эдгээр ажлыг ямар нөхцөлөөр, хэзээ хийх нь одоог хүртэл тодорхойгүй байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.
Та өөрийн хөрөнгө оруулалтын боломжид нийцсэн ам.долларын бондын мэдээлэл авах, захиалга өгөх бол 94002137 дугаарт холбогдоно уу.
Түлхүүр үгс:
Бонд
Ам.долларын бонд
Таван Богд Капитал
Mongolian Mining Corporation Bond
MMC bond
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх