ХААН банк хоёрдогч зах зээлд өсөх үү? Унах уу?
ГОЛ ӨНЦӨГ:
- ХААН банкны 2023 оны 1-р улирлын тайлан гарч цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 29%-аар өсөж ₮112.1 тэрбум хүрлээ.
- Ашигт ажиллагааны өсөлтийн нөлөөгөөр өөрийн хөрөнгийн өгөөж өмнөх оноос 7.4 нэгж хувиар өсөж 31.1%-д хүрсэн нь IPO хийсэн болон системийн банкнуудаас хамгийн өндөр байна.
- Харин чанаргүй зээлийн хувь өмнөх оны мөн үеэс 0.7 нэгж хувиар өсөж 5.3%-д хүрсэн хэдий ч 2022 оны жилийн эцсийн түвшинд хадгалагдсан байна.
ХААН банк хоёрдогч зах зээлд өсөх үү? Унах уу?
Өмнө нь IPO хийсэн банкнуудын түүхээс харвал илүү бодитоор үнэлэгдсэн, өгөөж өндөртэй болон ногдол ашиг өндөр тараадаг хувьцаануудын хувьд хоёрдогч зах зээл дээр өсөх хандлагатай байдаг.
ХААН банкны өөрийн хөрөнгийн өгөөж IPO хийсэн банкнуудын дунджаас 13 нэгж хувиар өндөр байна.
Өөрийн хөрөнгийн өгөөж гэдгийг энгийнээр тайлбарлавал тухайн банк өөрийн хөрөнгийн нэг төгрөг тутмаас хэдэн хувийн цэвэр ашиг олж буйг илэрхийлдэг. Тэгвэл ХААН банкны хувьд ашигт ажиллагааны нөлөөгөөр өөрийн хөрөнгийн өгөөж өмнөх оны мөн үеэс 7.4 нэгж хувиар өсөж 31.1%-д хүрсэн үзүүлэлттэй байна. IPO хийсэн банкнуудын 2023 оны 1-р улирлын санхүүгийн тайлан дээр үндэслэн өөрийн хөрөнгийн өгөөжийг тооцоолоход Богд банкны хувьд 19.4%, Төрийн банкны хувьд 20.5%, Голомт банкны хувьд 14.8% гарсан бөгөөд ХААН Банкны хувьд 31.1% буюу эдгээр 3 банкны дунджаас 13 нэгжээр өндөр байна.
ХААН банкны нэгж дансны үнээр засварласан өөрийн хөрөнгийн өгөөж IPO хийсэн банкнуудын дунджаас 6 нэгж хувиар өндөр байна.
P/B харьцаа буюу (үнэ, дансны үнийн харьцаа) гэдэг нь тухайн хувьцааны зах зээлийн үнийг бодит үнэ цэнтэй нь харьцуулсан үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт нь “1”-тэй ойрхон байх тусам тухайн компани хамгийн бодит үнэлэгдсэн гэдгийг илэрхийлдэг бөгөөд “1”-ээс өндөр байх тусам бодит байдлаасаа өндрөөр үнэлэгдсэн гэдгийг, эсрэгээрээ бол хямд үнэлэгдсэн гэдгийг илэрхийлдэг.
Тэгвэл ХААН банкнаас өмнө IPO хийсэн банкнуудыг авч үзвэл, Богд банк хамгийн өндөр үнэлгээтэй буюу P/B=2.32x байсан бол Төрийн банк хамгийн бодит үнэлэгдсэн буюу P/B=0.99x байсан. Харин ХААН банкны хувьд P/B=1.21x буюу Төрийн банкнаас өндөр бусад банкнуудаас харьцангуй хямд үнэлэгдэж гарсан. Нэгж хувьцааны дансны үнээр нь засварлан өгөөжийн тооцооллын хийвэл 2023 оны 1-р улирлын байдлаар ХААН банкны өгөөж хамгийн өндөр байгаа бол Голомт банкны өгөөж хамгийн бага байна.
Хоёрдогч зах зээлийн арилжааны ханшийн өсөлтөд IPO хийх үеийн үнэлгээ болон анхдагч зах зээлийн эрэлтийн нөлөө их байна.
IPO хийсэн банкнуудын хувьцааны ханшийн хөдөлгөөнийг авч үзвэл IPO хийх үедээ үнэлгээ нь өндөр байсан банкнууд хоёрдогч зах зээл дээр уналттай арилжаалагдаж байсан бол эсрэгээр бодитоор үнэлэгдэж гарсан хувьцааны хувьд ханш нь харьцангуй өсөлттэй арилжаалагдсан байна. Гэхдээ дан ганц шууд дээрх үзүүлэлтүүд нөлөө үзүүлэхгүй бөгөөд хөрөнгө оруулагчдын хүлээлт, ханшид нөлөөлөхүйц мэдээнүүдийн нөлөөг харгалзан үзэх хэрэгтэй юм. Тэгвэл ХААН банкны хувьд хоёрдогч зах зээлийн эхний өдөр 14.9%-ийн өсөлттэй 2.8 тэрбум төгрөгийн эрэлттэй хаагдлаа.
ХААН банкны анхдагч зах зээлийн арилжаа амжилттай явагдаж дууссан бөгөөд өнөөдрөөс эхлэн хоёрдогч зэх зээлийн арилжаа эхэлж байна. Тэгвэл энэ үетэй давхцан ХААН банкны 2023 оны 1-р улирлын тайлан гарлаа.
ХААН банкны цэвэр ашиг 29%-аар өсөж ₮112.1 тэрбум хүрлээ.
ХААН банкны 2023 оны 1-р улирлын тайлан гарч, цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 29%-аар өсөж ₮112.1 тэрбум хүрлээ. 1-р улирлын гүйцэтгэлээс харахад хүүгийн орлого өмнөх оны мөн үеэс 45% өсөлттэй байлаа. Гэхдээ бодлогын хүүгийн өсөлттэй холбоотой хадгаламж болон зээлийн хүүгийн зардлууд өсөж нийт хүүгийн зардал өмнөх жилээс 71%-аар өссөн байна. Ашигт ажиллагааны өсөлтөд нийт хүүгийн орлогод эзлэх бусад зардлын хэмжээ буурсан болон орлогын өсөлт дүнгээрээ өндөр байсан нь голчлон нөлөөлсөн байна.
Чанаргүй зээлийн хэмжээ 2022 оны түвшинд хадгалагдсан байна.
Цэвэр зээлийн багц өмнөх оны мөн үеэс 7.2% өсөж, 8 их наяд төгрөгт хүрсэн байна. Зээлийн багцын өсөлттэй холбоотой хэвийн зээл өмнөх оны мөн үеэс 8%-аар, хугацаа хэтэрсэн зээл 16%-аар, чанаргүй зээл 28%-аар өссөн нь чанаргүй зээлийн хувьд 0.7 нэгж хувиар өсөхөд нөлөөлсөн байна. Гэхдээ чанаргүй зээлийн хэмжээ 2022 оны жилийн эцсийн түвшинд хадгалагдаж чадсан байна.
ХААН банк нь банкны салбарын активын гуравны нэгийг дангаар бүрдүүлэх хэмжээний том банк төдийгүй балансын үзүүлэлтүүдийн хувьд мөн өндөр өсөлттэй гарчээ.
Эх үүсвэр буюу харилцах, хадгаламжийн дүн өмнөх оны мөн үеэс 17% өсөлттэй гарлаа. Харилцах, хадгаламжийн дүнг задлан харвал, харилцахын дүн 50%-аар, хадгаламж 3%-аар өссөн дүр зураг харагдаж байна. Харин нийт хөрөнгийн 18% өсөлтөд мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө 30%-аар, хөрөнгө оруулалт 65%-аар, болон зээлийн багц 7%-аар өссөн нь нөлөөлсөн байна. Ашигт ажиллагааны өсөлтийн нөлөөгөөр өөрийн хөрөнгө 2.7%-аар нэмэгджээ.
IPO нөлөөгөөр өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа үзүүлэлт өсөх төлөвтэй байна.
Арилжааны банкнуудын хувьд Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллах шаардлагатай байдаг. Эдгээр үзүүлэлтүүдээс өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон хөрвөх чадварын үзүүлэлтүүдийг графикт харуулав. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа нь тус банкны хувьд 14.8% байгаа нь системийн нөлөө бүхий бусад банкнуудтай харьцуулахад хамгийн бага түвшинд байна. Энэ үзүүлэлт нь тухайн банк одоогийн байгаа өөрийн хөрөнгийн түвшинд хэр их хэмжээний эх үүсвэр татаж, томрох боломжтойг харуулдаг бөгөөд Монголбанкны шалгуур 12% руу дөхөх тусам энэ боломж хязгаарлагдмал болдог. Гэхдээ IPO хийж санхүүжилт татсанаар энэхүү үзүүлэлт ирэх улиралд өсөлттэй гарах нь тодорхой юм.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД
ХААН банкны хувьцаа эзэмшигчдийн группт нэгдэж, цаг үеийн мэдээлэл судалгаа авах бол энд дарна уу.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
ХААН банк
Хаалтын ханш
Хаалтын огноо
Хамгийн дээд
Хамгийн доод
Үйлдэл | Огноо | Симбол | Үнэ | Хэмжээ | Биелэлт | Нийт дүн | Төлөв | Шимтгэл | Нөхцөлийн хугацаа |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
No data |
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
1 Сэтгэгдэл
ХА****ААТАР
Awsan huwitsaagaa yaaj shalgah we
0
0
Сэтгэгдэл үлдээх