БАНК РЕФОРМЕР: 2021 ОНЫ ТОП-5 БАНКНЫ ӨНДӨР АШИГТ АЖИЛЛАГАА ЭНЭ ЖИЛ ХЭВЭЭР ХАДГАЛАГДАХ УУ?
ГОЛ ӨНЦӨГ:
- Банкны салбарын цэвэр зээлийн 22%-ийн өсөлтөд эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөр голчлон нөлөөлөв.
- Харилцах болон хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэсэн хэдий ч салбарын хэмжээнд харилцахын үлдэгдэл 41%-аар нэмэгдэж, төгрөгийн хугацаатай хадгаламж 23%-аар өссөн. Энэ нь нэг талаар хөтөлбөрийн үр дүнд гар дээрх бэлэн мөнгийг нэмэгдүүлсэн нөгөө талаар Ковид-19, тээвэр логистикийн доголдол зэрэг эрсдэлээс үүдсэн хэрэглээний бууралттай холбоотой гэж үзэж байна.
- Энэхүү эх үүсвэрийн зардлын бууралттай холбоотой системийн нөлөө бүхий 5 банкны ашиг өндөр өсөлттэй байсан ба Хаан, Хас, Төрийн банкны ашигт ажиллагаа 2016 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.
БАНКНЫ САЛБАРЫН ТУХАЙ
Тайлант сард банкнуудын нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.3% өсөж, 20.7 их наяд төгрөг болсон байна. Нийт зээлийн 1.5 их наяд төгрөг буюу 7.3% нь гадаад валютаар илэрхийлэгдсэн зээл, үлдсэн 92.7% нь төгрөгөөр олгогдсон зээл байна. Мөн зээлийн нийт үлдэгдлийн 9.8 их наяд төгрөг нь хувийн байгууллага, иргэдийн зээл 10.4 их наяд төгрөг байна. Тайлант сард шинээр олгосон зээл өмнөх сараас 586.5 тэрбум төгрөгөөр өссөн бол эргэн төлөгдсөн зээл 118.4 тэрбум төгрөгөөр өсжээ.
2021 оны 12-р сард нийт 1,462 иргэнд нийт 143.8 тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгон, МИК-д шилжүүлжээ. Сарын эцсийн байдлаар нийт 104,364 зээлдэгчийн 5,654.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл байна. Сарын турш нийт 143.8 тэрбум төгрөгийн шинэ зээл олгогдож, 60.7 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ.
2021 оны 12-р сарын байдлаар нийт хадгаламж өмнөх оны мөн үеэс 5.4%-аар, харилцахын үлдэгдэл 41% хувиар өссөн байна. Цаашилбал, төгрөгийн хадгаламж 23% өсөж харин гадаад валютаар илэрхийлэгдэх хадгаламжийн хэмжээ 10% буурсан нь иргэд, аж ахуйн нэгжүүд гадаад валютаар хадгалах сонирхол буурсныг илэрхийлж байна. Харин төгрөгийн харилцах хамгийн өндөр хувиар буюу 41% өсөлт үзүүлжээ.
ДҮГНЭЛТ
Ковид-19-ын нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлсэн мөнгөний болон сангийн зөөлөн бодлогууд нь 2021 оны банкны салбарын гүйцэтгэлд сайнаар нөлөөлсөн.
- Эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд олгосон 3%-н хүүтэй зээл болон 9%-ийн репо санхүүжилт банкнуудын зээлийн үлдэгдлийг нэмэгдүүлээд байна. Арилжааны банкнуудын хувьд ч энэ эрсдэлтэй нөхцөлд хөтөлбөрөөс гадуур зээл олгох сонирхол бага байв.
- Харилцах, хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэснээр банкнуудын хүүгийн зардал огцом буурч, ашигт ажиллагаанд ихээхэн нөлөө үзүүлсэн. Харилцах, хугацаагүй хадгаламжийн хүүг эргээд тооцдог болох эсэхээс банкны салбарын ашигт ажиллагаанд шууд нөлөөлнө гэдгийг анхаарах нь зүйтэй.
- Өнгөрсөн онд хөнгөлөлттэй зээл авсан компаниуд зээлээ төлж эхлэхийн зэрэгцээ оны дундуур иргэд хойшлуулаад байсан ипотекийн зээлээ иргэд төлж эхэлснээр банкнуудын зээлийн чанарт сөргөөр нөлөөлөх магадлал өндөр байна.
Энэ оны эхний хагаст системийн нөлөө бүхий 5 банк IPO хийж, нээлттэй хувьцаат компани болох үүрэг хүлээсэн, энэхүү шинэчлэлийн гол зорилго нь банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, банкийг олон нийтийн хяналттай болгох юм.
Харин 2021 онд гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр банкны салбарын өсөлт бий болж, банкнууд ашигтай ажилласан. 2020 онд чанарын өсөлт хийсэн банкнуудын ашигт ажиллагаа төдийлөн буурахгүй байх боломжтой тул банканд хөрөнгө оруулахаар төлөвлөж буй хүн бүр банкнуудын засаглал, онцлог, давуу сул тал болоод санхүүгийн үзүүлэлтүүдийг маш сайн нягтлах нь чухал юм.
Түлхүүр үгс:
Банк
РЕФОРМЕР
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх