АНУ-ын зах зээл: Женсен Хуан Nvidia компанийн Гүйцэтгэх захирлаар эргэн томилогдсоноор технологийн хувьцаанууд огцом өслөө.
ГОЛ ӨНЦӨГ:
- Женсен Хуан Nvidia компанийн Гүйцэтгэх захирлаар эргэн томилогдсоноор технологийн хувьцаанууд огцом өслөө.
- CrowdStrike компани Zscaler-ийг 43.9 тэрбум ам.долларын хэлцлээр худалдан авахаар боллоо.
- Токенжуулсан хувьцааны OKXICE платформ эхэлж буй ч компаниудын эсэргүүцэл, шинэ загваруудын өрсөлдөөн үүслээ.
Зах зээл өслөө
Nvidia компани үүсгэн байгуулагч Женсен Хуаныг Гүйцэтгэх захирлын албан тушаалд нь эргүүлэн томилсноо даваа гарагийн өглөө зарласны дараа тус компанийн хувьцаа 31.48 хувиар огцом өсөж, 2003 оны 5 дугаар сараас хойших хамгийн өндөр өдрийн өсөлтөө үзүүллээ. Ингэснээр Nvidia зах зээлийн үнэлгээнээсээ алдаад байсан 1 орчим их наяд ам.долларыг эргүүлэн олж авчээ. Өнгөрсөн сард Женсен Хуаны гэр бүлээс гадуурх харилцаа, тэр дундаа АНУ-ын тагнуулын байгууллагын Хятадын тагнуул гэж сэжиглэж буй эмэгтэйтэй холбогдсон гэх дуулиан дэгдсэний улмаас тэрээр 11 дүгээр сарын 12-нд ажлаа өгөөд байсан бөгөөд энэ хугацаанд компанийн хувьцаа 40 гаруй хувиар унаад байсан юм.

Энэхүү мэдээлэл нь өнгөрсөн долоо хоногт 2020 оноос хойших хамгийн муу уналтаа үзүүлж, 10 хувиар унаад байсан Nasdaq Composite индексийг даваа гарагт 6.51 хувиар сэргэхэд гол түлхэц боллоо. Технологи болон хиймэл оюун ухааны (AI) салбарын бусад томоохон хувьцаанууд ч дагаад хүчтэй өсөлт үзүүлсэн бөгөөд Alphabet 6.34%, Meta 6.55%, Amazon 3.47%, Microsoft 1.65%, SpaceX 4.35%, AMD 6.85%, Arm Holdings 16.08%-иар тус тус өсжээ. Мөн серверийн болон санах ойн чип үйлдвэрлэгч Dell 20.46%, Micron 19.04%, iShares Semiconductor ETF 13.63%-иар өссөн бол сүүлийн саруудад санхүүжилтийн дарамтад ороод байсан Neocloud компаниуд болох Nebius 20.28%, CoreWeave 22.32%, Iren 23.86%-иар тус тус цойлсон байна.

Crowdstrike
Кибер аюулгүй байдлын CrowdStrike компани сүлжээний аюулгүй байдлын Zscaler компанийг бүхэлд нь хувьцаагаар солилцох (all-stock) 43.9 тэрбум ам.долларын хэлцлээр худалдан авахаар тохиролцсоноо зарлалаа. Хэлцлийн нөхцөлөөр Zscaler-ийн нэг хувьцаа тутамд CrowdStrike-ийн 1.135 хувьцаа олгох бөгөөд уг нэгдэл CrowdStrike-ийн 2028 оны санхүүгийн жилийн хоёрдугаар хагаст дуусах төлөвтэй байна. Мэдээ гарсны дараа даваа гарагт CrowdStrike-ийн хувьцаа 9 хувиар унасан бол Zscaler-ийн хувьцаа бараг 18 хувиар өссөн бөгөөд баасан гаргийн хаалтын үнэлгээгээр тэдний нийлсэн зах зээлийн үнэлгээ 265 тэрбум ам.доллар давж, зах зээлд тэргүүлэгч Palo Alto Networks-ийн (282 тэрбум ам.доллар) араас бичигдэж байна.
Хиймэл оюун ухаан (AI) кибер халдлагуудын хурд, цар хүрээг нэмэгдүүлж буй энэ үед уг хэлцэл нь CrowdStrike-ийн хувьд өнөөг хүртэл хийсэн хамгийн том худалдан авалт болж байгаа бөгөөд сүлжээний аюулгүй байдлын зах зээлд нэвтрэх алхам болж байна. Гүйцэтгэх захирал Жорж Курц Zscaler-тэй нэгдсэнээр AI агент програмуудыг аюулгүй ажиллуулах, хянах нэгдсэн платформ буюу "кибер аюулгүй байдлын үйлдлийн систем" бүтээж, дэлхийн хамгийн том AI аюулгүй байдал, хамгааллын компани болох замаа нээж байна хэмээн онцолжээ. Сүүлийн үед Hugging Face-ийн халдлага болон Microsoft, Холбооны Нисэхийн Захиргаа (FAA), JPMorgan Chase зэрэг байгууллагын системд гарсан доголдол нь аж ахуйн нэгжүүдийг хуучин системийн цоорхойг нөхөхөд түлхэж, салбарт томоохон нэгдэл, худалдан авалтын давалгааг өдөөж байна. Үүний жишээнд Google-ийн Wiz-ийг 32 тэрбум ам.доллароор худалдан авах төлөвлөгөө, Cisco-ийн Splunk-ийг 28 орчим тэрбум ам.доллароор авсан хэлцэл болон Palo Alto Networks-ийн энэ оны эхээр хаасан CyberArk-ийн 25 тэрбум ам.долларын худалдан авалт багтаж байна.
.png)
Токенжуулсан хувьцаа
Intercontinental Exchange болон крипто бирж OKX хамтран ажиллуулж буй токенжуулсан үнэт цаасны "OKXICE" арилжааны платформ даваа гарагт нээлтээ хийж байгаа хэдий ч эхний ээлжид хувьцаагаа байршуулахаар төлөвлөсөн 62 компанийн 90 хувь буюу 56 компани хувьцаагаа токенжуулж арилжаалахыг эсэргүүцсэн байна. Нээлтийн эхэнд Coinbase, Robinhood, Strategy, Circle, Securitize, BitGo зэрэг компанийн токенжуулсан хувьцаанууд арилжаалагдах бөгөөд ETF болон бусад бүтээгдэхүүнийг оролцуулаад нийт 113 активыг үе шаттайгаар арилжаанд гаргахаар баталгаажуулжээ. Түүнчлэн Fidelity Investments, Direxion, eToro, Strive, Vida Global зэрэг байгууллага шинээр оролцохоор болсон байна.
Компаниудын эсэргүүцэл нь токенжуулалтын үзэл баримтлалыг үгүйсгэснээс илүүтэй бэлэн байдал хангалтгүй, шинэ платформд блокчэйнд суурилсан хувьцаа арилжаалахад 30 хоногийн татгалзах хугацаа хэт богино байсантай холбоотой гэж зах зээлийнхэн үзэж байна. Есдүгээр сард хэрэгжиж эхэлсэн АНУ-ын Үнэт цаас ба биржийн хорооны (SEC) "Innovation Exemption" зохицуулалтын дагуу платформууд хувьцаа гаргагчдад мэдэгдэж, татгалзах боломж олгох ёстой бөгөөд эсэргүүцсэн тохиолдолд тухайн хувьцааг токенжуулахыг хориглодог ажээ. Franklin Templeton-ийн крипто нэгжийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Сет Гиннсийн хэлснээр санхүүгийн тайлангийн улирал болон дунд хугацааны сонгуулийн давхцал дунд олон компани яаран шийдвэр гаргахаас болгоомжилсон бол MassPay-ийн гүйцэтгэх захирал Ран Грушковскийн тайлбарласнаар 24/7 арилжаа нь хувьцааны үнэ болон мэдээлэл түгээх цаг хугацаанд хэрхэн нөлөөлөх талаар хөрөнгө оруулагчидтай харилцах албаныхан (IR) эргэлзэж байжээ. Мөн Securitize-ийн гүйцэтгэх захирал Карлос Домингогийн онцолсноор дотоод уялдаа холбоо дутмаг байгаагаас зарим эсэргүүцэл гарсан ч зохицуулалттай зарим зах зээл хувьцаа гаргагчийн зөвшөөрөлгүйгээр ажиллах боломжтой бөгөөд цаашид оролцогчдын тоо өснө гэж тэрээр үзэж байна.
.jpg)

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ЭХ СУРВАЛЖ:
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


