УЗБЕКИСТАН: ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ

ГОЛ ӨНЦӨГ
- S&P Global Ratings Узбекистаны урт хугацааны зээлжих зэрэглэлийг BB-ээс BB+ болгон ахиулж, тогтвортой төлөв тогтоолоо.
- Унгарын OTP Group “Ipoteka Bank”-ийн төрийн эзэмшлийн үлдсэн 17.5%-ийг худалдан авах нэмэлт гэрээнд гарын үсэг зурлаа.
- BRICS-ийн Шинэ хөгжлийн банк Узбекистаны Засгийн газарт эрчим хүчний бага нүүрстөрөгчийн төслүүдийг санхүүжүүлэх 300 сая ам.долларын зээлийн гэрээ байгууллаа.
- Парламентын доод танхим хөрөнгийн зах зээлийн шинэ хуулийн төслийг баталлаа.
S&P Узбекистаны зээлжих зэрэглэлийг BB+ болгон ахиуллаа
S&P Global Ratings XI сарын 20-нд Узбекистаны гадаад болон дотоод валютын урт хугацааны зээлжих зэрэглэлийг BB-ээс BB+ болгон нэг шат ахиулж, төлөвийг тогтвортой хэвээр үлдээлээ. Богино хугацааны B зэрэглэлийг хэвээр баталгаажуулсан бол валютын шилжүүлэг, хөрвөх чадварын эрсдэлийн үнэлгээг BB+-ээс BBB- болгон нэмэгдүүлэв. Мөн Засгийн газрын 2029 болон 2030 онд төлөгдөх олон улсын бондын зэрэглэлийг BB+ болгон ахиулсан байна.
S&P уг шийдвэрийг төсөв, төлбөрийн тэнцлийн үзүүлэлт сайжирсан, гадаад валютын улсын нөөц нэмэгдсэн болон улсын өрийн түвшин харьцангуй тогтвортой байгаатай холбон тайлбарлажээ. Тус агентлаг 2026–2029 онд цэвэр засгийн газрын өр ДНБ-ий дунджаар 24%-тай тэнцэнэ гэж тооцсон нь өмнөх 30%-ийн төсөөллөөс буурсан үзүүлэлт юм. Үүнд 2025 оны нэрлэсэн ДНБ-ийг статистикийн шинэчлэлээр 15%-иар нэмэгдүүлж, 169 тэрбум ам.доллар болгон тооцсон нь голлон нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, өрийн нэрлэсэн хэмжээ буурсан бус, ДНБ-ий суурь нэмэгдсэнээр өр/ДНБ-ийн харьцаа механикаар сайжирсан байна.
Мөн 2026 оны X сарын эцэст гадаад валютын улсын нөөц ойролцоогоор 64 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 32%-тай тэнцсэн бөгөөд нөөцийн 85–90%-ийг алт бүрдүүлж байгааг онцолжээ. Харин 2026–2029 онд урсгал дансны алдагдал ДНБ-ий дунджаар 3.4% байх төлөвтэй байна.
OTP Group “Ipoteka Bank”-ийн үлдсэн 17.5%-ийг худалдан авахаар тохиролцов
Унгарын OTP Bank болон Узбекистаны Эдийн засаг, сангийн яам XI сарын 20-нд “Ipoteka Bank”-ийн төрийн эзэмшлийн үлдсэн ойролцоогоор 17.5%-ийн хувьцааг худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан гарын үсэг зурлаа. Санхүүгийн тооцоо дуусаж, хувьцааны өмчлөх эрх шилжсэний дараа OTP Group-ийн эзэмшил 90.4%-д хүрэх юм.
Энэхүү хэлцэл нь 2022 онд эхэлсэн банкны хувьчлалын хоёр дахь буюу эцсийн үе шатны үргэлжлэл юм. OTP Group 2023 оны VI сард “Ipoteka Bank”-ийн 73.71%-ийг 324 сая ам.доллароор худалдан авсан бөгөөд цаашид төрийн үлдсэн эзэмшлийг авах нөхцөлийг шинэчилжээ.
Шинэ хөгжлийн банк эрчим хүчний салбарт 300 сая ам.долларын зээл олгоно
BRICS-ийн Шинэ хөгжлийн банк (New Development Bank) Узбекистаны Засгийн газартай 300 сая ам.долларын зээлийн гэрээ байгууллаа. XI сарын 17-нд байгуулсан гэрээ нь “Low Carbon Energy Sector Development Project” төслийн эхний үе шатыг санхүүжүүлэхэд чиглэж байна.
Зээлийн хөрөнгийг нар, салхи, усан болон цөмийн эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд ашиглахаар төлөвлөжээ. Төслийг Узбекистаны Эдийн засаг, сангийн яам зохицуулах бөгөөд гол зорилго нь эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, байгалийн хийн хамаарлыг бууруулах, эрчим хүчний аюулгүй байдлыг сайжруулах юм.
Хөрөнгийн зах зээлийн шинэ хуулийн төсөл Сенатад шилжлээ
Узбекистаны Олий Мажлисийн Хууль тогтоох танхим XI сарын 17-нд “Хөрөнгийн зах зээлийн тухай” хуулийн төслийг хоёр болон гурав дахь хэлэлцүүлгээр баталж, Сенатад шилжүүлэв. Уг төсөл нь 2008 оноос мөрдөгдөж буй Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэх зорилготой.
Шинэ зохицуулалтаар опционы гэрээ, фьючерс, форвард, своп зэрэг дериватив, хөрөнгөөр баталгаажсан болон секьюритизацийн бонд, тогтвортой хөгжлийн бонд, сукук зэрэг санхүүгийн хэрэгслийг гаргах, арилжаалах эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр тусгажээ. Мөн клиринг, кастодиан үйлчилгээ болон үнэт цаас гаргагчдын мэдээллийн ил тод байдлын шаардлагыг шинэчлэхээр төлөвлөсөн байна.
Хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах хүрээнд зохицуулагч байгууллага мэргэжлийн оролцогчдын тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэргүйгээр 10 хоногоос дээш хугацаагаар түдгэлзүүлэх боломжийг төслөөс хасаж, үнэт цаасны гаргалтыг бүртгэхээс татгалзсан тохиолдолд үндэслэлээ тайлбарлах шаардлага оруулжээ.
UzNIF-ийн цэвэр активын үнэлгээ 2.62 тэрбум ам.долларт хүрэв
Узбекистаны Үндэсний хөрөнгө оруулалтын сан (UzNIF) XI сарын 20-нд X сарын 31-ний байдлаарх сарын NAV мэдээллээ нийтэллээ. Сангийн нийт цэвэр активын үнэлгээ 31.52 их наяд сум буюу 2.62 тэрбум ам.доллар, нэг GDR-д ногдох NAV 33.56 ам.доллар болсон байна.

ЭХ СУРВАЛЖ:
www.spglobal.com
www.gov.uz
www.uzdaily.uz
www.ipotekabank.uz
www.ndb.int
www.interfax.com
www.tafs.uz
www.naiiuz.uz
www.lse.co.uk
www.finmind.uz
Түлхүүр үг:
УЗБЕКИСТАН
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


