АНУ-ын зах зээл: БНХАУ-с хямдхан чип нийлүүлэх эрсдэл үүсэж, хөрөнгийн зах зээл улаанаараа эргэлээ.

2026 он 10 сар 15 өдөр
833
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • БНХАУ-с хямдхан чип нийлүүлэх эрсдэл үүсэж, хөрөнгийн зах зээл улаанаараа эргэлээ.
  • Үүний улмаас NASDAQ 100 индекс оройгоосоо 5.5% уналаа.
  • АНУ-н инфляц эрчимжиж, хөрөнгийн зах зээлд мөн сөрөг нөлөө үзүүлэв.

Хятадын CXMT компани 4F² DRAM технологийг нэвтрүүлнэ

БНХАУ-ын тэргүүлэгч санах ойн чип үйлдвэрлэгч ChangXin Memory Technologies (CXMT) компани дараагийн үеийн "4F² (Four F Square)" DRAM технологийг энэ ондоо багтаан худалдаанд гаргах төлөвлөгөөгөө зарласны дараа Өмнөд Солонгос болон АНУ-ын хагас дамжуулагчийн компаниудын хувьцааны үнэ огцом уналаа. 10 дугаар сарын 13-ны өдөр Samsung Electronics-ийн хувьцаа 7.39%-иар, SK Hynix 10.09%-иар тус тус унасан бол АНУ-ын Micron компанийн хувьцаа хоёр өдөр дараалан буурчээ. Энэхүү үйл явдал нь Өмнөд Солонгосын хагас дамжуулагчийн салбарт эзлэх давамгайлал ганхаж болзошгүй гэх болгоомжлолыг дахин сэдрээж байна. Учир нь Samsung Electronics болон SK Hynix компаниуд уг технологийг хөгжүүлэх шатандаа л явж байгаа бөгөөд одоогоор хэзээ худалдаанд гаргах нь тодорхойгүй байгаа юм.

4F² технологи нь өнөөгийн өргөн хэрэглэгдэж буй 6F² бүтцээс эсийн (cell) хэмжээг гуравны хоёр орчим хүртэл багасгаж, транзисторын бүтцийг хэвтээгээс босоо чиглэлд өөрчилдгөөрөө онцлогтой. Энэхүү технологийн ачаар хэлхээг нэмэлтээр жижигрүүлэх шаардлагагүйгээр нэг ижил талбайд 50% хүртэл илүү олон эс байрлуулах боломжтой болж, чипийн багтаамжийг нэмэгдүүлэх, эсвэл ижил багтаамжтай чипийг илүү жижиг хэмжээгээр үйлдвэрлэх бололцоог олгоно. Хятадын компаниуд АНУ-ын экспортын хязгаарлалтын улмаас хэт ягаан туяаны (EUV) төхөөрөмж ашиглах боломжгүй байгаа тул хэлхээг нарийвчлан жижигрүүлэх (miniaturization) өрсөлдөөнд орохын оронд эсийн хэмжээг багасгах "тойруу" аргыг сонгосон гэж шинжээчид үзэж байна.   

Хэдийгээр CXMT нь энэ оны сүүлээр 4F² технологийг ашигласан серверийн зориулалттай DDR5 санах ойн бүтээгдэхүүнээ гаргахаа мэдэгдсэн ч бүтээгдэхүүний багтаамж, хурд, гарц (yield rate) зэрэг техникийн нарийн мэдээллээ хараахан дэлгээгүй байна. Зарим шинжээчид Хятадын компани Өмнөд Солонгосын өрсөлдөгчдөөсөө өрсөж олноор үйлдвэрлэх (mass production) боломж муутай гэж үзэж байгаа ч Хятадын засгийн газрын их хэмжээний татаас, дотоодын зах зээлийн дэмжлэг нь технологийн хоцрогдлоо хурдан арилгах нөхцөлийг бүрдүүлж байгааг анхааруулжээ. Хэрэв CXMT компани 4F² чипийг өндөр гарцтайгаар олноор үйлдвэрлэж чадвал хиймэл оюун ухааны өгөгдлийн төвүүдийн эрэлтээр бий болсон санах ойн зах зээлийн өсөлтийн мөчлөг (supercycle) төсөөлж байснаас илүү хурдан дуусгавар болох эрсдэлтэй юм. 

Инфляц

АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооноос (BLS) лхагва гарагт нийтэлсэн тайлангаар, 2026 оны 9 дүгээр сард хэрэглээний үнийн индекс (CPI) өмнөх сараас 0.6 хувиар өсөж, жилийн инфляц 3.7 хувьд хүрчээ. Энэ нь Dow Jones-ийн шинжээчдийн таамаглаж байсан 3.6 хувийн хүлээлтээс давсан үзүүлэлт юм. Хүнс болон эрчим хүчний үнийн хэлбэлзлийг хассан суурь инфляц (Core CPI) сарын дүнгээр 0.3 хувиар, жилийн дүнгээр 2.6 хувиар тус тус өссөн байна.

Үнийн өсөлтийн гол шалтгаан нь шатахууны үнийн огцом өсөлт байсан бөгөөд бензиний үнэ сарын дотор 9.1 хувиар өссөн нь нийт индексийн өсөлтийн тал орчим хувийг дангаараа бүрдүүлжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд бензиний үнэ 34.2 хувиар, халаалтын түлшний (fuel oil) үнэ 74.2 хувиар огцом өссөн байна. Энэхүү эрчим хүчний үнийн өсөлт нь өнгөрсөн 2 дугаар сарын сүүлээр эхэлсэн АНУ болон Ираны хоорондын мөргөлдөөн, хурцадмал байдалтай шууд холбоотой ажээ. Түүнчлэн орон байрны үнэ 0.4 хувиар, хуучин автомашины үнэ 0.7 хувиар өссөн бол, тарифын өөрчлөлтөд мэдрэмтгий байдаг хувцас хэрэглэлийн үнэ жилийн дүнгээр 3.4 хувиар өссөн байна. Ерөнхийлөгч Доналд Трампын тогтоосон тариф болон хиймэл оюун ухааны хөгжилтэй холбоотой эрэлт нэмэгдсэн нь үнэд мөн дарамт учруулж байна.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033 

ЭХ СУРВАЛЖ:

www.cnbc.com

www.tradingview.com

www.reuters.com

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)