ОУВС БНХАУ-ын өсөлтийн төсөөллийг 4.5% болгон буурууллаа

ГОЛ ӨНЦӨГ
- ОУВС БНХАУ-ын 2026 оны өсөлтийн төсөөллийг 4.6%-иас 4.5% болгон буурууллаа.
- Дотоодын хэрэглээ, хөрөнгө оруулалт сул, үл хөдлөх хөрөнгийн хүндрэл үргэлжилж байгаа тул экспортын өсөлт эдийн засгийг бүрэн дэмжиж чадахгүй байна.
- 2027 оны өсөлтийн төсөөллийг мөн 4.1%-иас 4.0% болгон бууруулжээ.

Олон улсын валютын сан БНХАУ-ын 2026 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 0.1 нэгж хувиар бууруулж, 4.5% болголоо. Энэ нь Бээжингийн 4.5–5%-ийн зорилтот түвшний доод хязгаартай тэнцэж байна.
ОУВС-гийн “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайланд үл хөдлөх хөрөнгийн салбарын хүндрэл, хэрэглээний сул өсөлт болон хөрөнгө оруулалтын бууралтыг экспортын сайн гүйцэтгэл зөвхөн хэсэгчлэн нөхөж байгааг онцолжээ.
Мөн газрын тосны өндөр үнэ, бодлогын тодорхой бус байдал болон эдийн засгийн бүтцийн асуудлууд өсөлтөд дарамт үзүүлэх ч Бээжингийн дэмжих арга хэмжээ илүү огцом сааралтаас хамгаална гэж үзсэн байна.
Экспорт өссөн ч дотоодын эрэлт сэргэхгүй байна
БНХАУ-ын экспорт VIII сард өмнөх оны мөн үеэс 25%-иар өсөж, 401.44 тэрбум ам.долларт хүрчээ. Оны эхний найман сарын худалдааны ашиг 805.51 тэрбум ам.доллар болсон бол 2025 онд түүхэн дээд буюу 1.2 их наяд ам.долларт хүрсэн юм.
Гэвч экспортын өсөлт улам их хөрөнгө, автоматжуулалт шаарддаг салбаруудад төвлөрч байгаа тул ажлын байр болон өрхийн орлогод үзүүлэх нөлөө хязгаарлагдмал байна. Иймээс экспортын өндөр өсөлт дотоодын хэрэглээг өргөн хүрээнд сэргээж чадахгүй байгааг “Morgan Stanley” онцолжээ.
Үүний зэрэгцээ худалдааны ашиг нэмэгдэх нь БНХАУ-ын экспортод чиглэсэн гадаадын тариф, худалдааны хязгаарлалтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна.
Бээжин бодлогын дэмжлэгээ нэмэгдүүлэв
Эдийн засгийн өсөлтийг зорилтот түвшинд хадгалахын тулд Бээжин бодлогын банкуудын санхүүжилтийн хүүг бууруулж, анх удаа орон сууц худалдан авагчдад ипотекийн хүүгийн татаас олгохоор болсон. Мөн хөрөнгө оруулалтыг дэмжихэд зориулж орон нутгийн өрийн 550 тэрбум юанийн нэмэлт эх үүсвэрийг ашиглалтад оруулжээ.
Эдгээр зорилтот арга хэмжээ энэ оны IV улиралд өсөлтийг бага зэрэг сэргээх боломж ажиглагдаж байгаа хэдий ч орон нутгийн өрийн дарамт, үл хөдлөх хөрөнгийн уналт болон хэрэглэгчдийн итгэл сул байгаа нь 2027 он хүртэл дотоодын эрэлтийг хязгаарлах төлөвтэй байна.
ДҮГНЭЛТ
ОУВС-гийн төсөөлөл нь БНХАУ-ын эдийн засгийн гол асуудал экспортын өсөлт бус, дотоодын эрэлтийн сул байдал болсныг харууллаа. Экспорт богино хугацаанд үйлдвэрлэлийг дэмжих ч үл хөдлөх хөрөнгийн уналт, өрхийн болгоомжлол болон хөрөнгө оруулалтын саарлыг дангаараа нөхөж чадахгүй.
Хөрөнгийн зах зээлд экспорт, технологи болон өндөр бүтээмжтэй үйлдвэрлэлийн компаниуд харьцангуй давуу хэвээр байж болох ч хэрэглээ, үл хөдлөх хөрөнгө болон дотоодын эрэлтээс хамааралтай салбаруудын сэргэлт бодлогын дэмжлэгийн үр нөлөөнөөс шалтгаална.
ЭХ СУРВАЛЖ:
Түлхүүр үг:
БНХАУ
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


