БАНК РЕФОРМЕР: ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЦЭВЭР АШИГ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 4 ДАХИН ӨСӨЖ, 89.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ГАРЛАА
- Худалдаа хөгжлийн банкны нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 18% өсөж, 9.5 их наяд төгрөг болоход мөнгөн хөрөнгө болон санхүүгийн бусад хөрөнгүүдийн өсөлт голчлон нөлөөлжээ.
- Цэвэр зээлийн багц өмнөх оны мөн үеэс 9% өсөж, 4.5 их наяд төгрөг болсон ба зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн хувь 13.8% болж өмнөх оны мөн үеэс өсжээ.
- Хүүгийн цэвэр орлого өмнөх оны мөн үеэс 14% буурсан ч зээлийн бус шинжтэй зардлууд буурснаар ашигт ажиллагааг буцаан дэмжсэн байна.
Худалдаа хөгжлийн банкны хувьд харилцах болон хадгаламжийн дансны үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 13% өсөж нийт 5.6 их наяд төгрөг болж татан төвлөрүүлсэн эх үүсвэр нэмэгдсэн байна. Мөн эздийн өмч өмнөх оны мөн үеэс 5.1% өссөн байна.
Тайлант хугацаанд харилцах, хадгаламжид тооцсон хүүгийн зардал буурсантай холбоотой нийт хүүгийн зардал өмнөх онын мөн үеэс 20% буурсан үзүүлэлттэй байгаа бол, нөгөөтээгүүр хөнгөлөлттэй зээлийн нөлөөгөөр хүүгийн орлого 19% буурсан байна. Улмаар цэвэр хүүгийн орлого өмнөх оны мөн үеэс 14% буурч 173 тэрбум төгрөг гарсан байна.
Ийнхүү цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 4 дахин өсөж, 89.6 тэрбум төгрөг хүрэхэд нөлөөлсөн гол хүчин зүйлс нь эрсдэлийн сангийн зардал, үндсэн бус үйл ажиллагааны зардал болон ханшийн тэгшитгэлийн зардал зэрэг нь огцом буурсан үзүүлэлттэй байв.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
Худалдаа хөгжлийн банк нь 1990 онд байгуулагдсан ба өдгөө нийт 97 салбар тооцооны төвтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Байгууллагын банкны зах зээлд төвлөрөн үйлчилдэг уг банк нь 36,000 гаруй байгууллагатай хамтран ажиллаж 2020 оны байдлаар Монгол улсын гадаад төлбөр тооцооны 85%, худалдааны санхүүжилтийн 55%-ийг дангаараа гүйцэтгэсэн байна. 2007 оноос хойш олон улсын зах зээл дээр 1.14 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 5 удаагийн бонд босгож байсан. Moody's зээлжих зэрэглэлийн үнэлгээ B3, тогтвортой.
Худалдаа хөгжлийн банк: Худалдаа хөгжлийн банк нь Олон улсын хөрөнгө оруулалтын банктай (IIB) 15.0 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийн гэрээ байгуулав. Уг гэрээний дагуу энэхүү санхүүжилт нь байгаль орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд болон эмэгтэй гүйцэтгэх удирдлагатай, эсвэл эмэгтэй ажилтнууд давамгайлсан бизнесүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт хэлбэрээр очих юм байна. ХХБ нь зорилтынхоо хүрээнд 2030 он гэхэд 2 тэрбум ам.долларын тогтвортой санхүүжилт олгох, 2050 он гэхэд нүүрс төрөгчийн саармаг байгууллага болохоо зарласан билээ.
САЛБАРЫН ТУХАЙ
2021 оны 11-р сарын байдлаар банкнуудын нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.1% өсөж, 20.0 их наяд төгрөг болсон байна. Нийт зээлийн 1.4 их наяд төгрөг буюу 7.1% нь гадаад валютаар илэрхийлэгдсэн зээл, үлдсэн 92.9% нь төгрөгөөр олгогдсон зээл байна. Мөн зээлийн нийт үлдэгдлийн 47% нь хувийн байгууллага, 1.2% нь улсын байгууллага, 51% нь иргэдийн зээл, үлдсэн 0.8% нь бусад байгууллагуудад олгогдсон зээл байна. Тайлант сард шинээр олгосон зээл өмнөх сараас 289.4 тэрбум төгрөгөөр өссөн бол эргэн төлөгдсөн зээл 17.4 тэрбум төгрөгөөр өсжээ.
2021 оны 11-р сард нийт 1,330 иргэний зээлийн өргөдөл хүлээн авснаар нийт 113.8 тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгон, МИК-д шилжүүлжээ. Сарын эцсийн байдлаар нийт 103,991 зээлдэгчийн 5,578.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл байна. Сарын турш нийт 120.7 тэрбум төгрөгийн шинэ зээл олгогдож, 60.7 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ.
2021 оны 11-р сарын байдлаар нийт хадгаламж өмнөх оны мөн үеэс 8.9%-аар, харилцахын үлдэгдэл 38.4% хувиар өссөн байна. Цаашилбал, төгрөгийн хадгаламж 19% өссөн хэдий ч гадаад валютаар илэрхийлэгдэх хадгаламжийн хэмжээ 17% буурсан нь иргэд, аж ахуйн нэгжүүд гадаад валютаар хадгалах сонирхол буурсныг илэрхийлж байна. Харин төгрөгийн харилцах хамгийн өндөр хувиар буюу 60% өсөлт үзүүлжээ.
Түлхүүр үг:
Худалдаа хөгжлийн банк
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
1 Сэтгэгдэл
Do****
gaihaltai
0
0
Сэтгэгдэл үлдээх