"Төрийн Банк ХК"-ийн ашигт ажиллагаа тогтвортой байна
ГОЛ ӨНЦӨГ:
- "Төрийн Банк ХК"-ийн 2023 оны I улирлын цэвэр ашиг ₮24.5 тэрбум буюу өмнөх оны мөн үеийн түвшинд байна.
- Харин IPO болон ашигт ажиллагааны нөлөөллөөр өөрийн хөрөнгө 27%-аар өссөн байна.
- Үнэ ашгийн харьцаа P/E=4.7x, үнэ дансны үнийн харьцаа P/B=0.87x буюу харьцангуй хямд үнэлэгдсэн байна.
Төрийн банкны өөрийн хөрөнгийн өгөөж 5 нэгж хувиар өсжээ.
Төрийн банкны хувьд 2023 оны I улирлын байдлаар цэвэр зээлийн багц өмнөх оны мөн үеэс 5% бууралт үзүүлжээ. Зээлийн багц бууралт үзүүлсэн ч чанаргүй зээлийн хувь 0.9 нэгжээр өссөн байна. Энэ үзүүлэлт нь бусад 2023 оны эхний улирлын санхүүгийн тайлан нь гарсан банкнууд болох Богд банкнаас 5.4 нэгжээр, Голомт банкнаас 1.6 нэгжээр өндөр үзүүлэлт байна. Чанаргүй зээлийн хэмжээ өсөх тусам тухайн зээл эргэн төлөгдөхгүй байх эрсдэл нэмэгддэг тул энэ үзүүлэлт өндөр байх нь банкнуудын хувьд тийм ч таатай үзүүлэлт биш билээ.
Ашигт ажиллагаа өмнөх оноосоо буурчээ.
2023 оны эхний улирлын байдлаар цэвэр ашиг нь 24.5 тэрбум төгрөг гарсан бөгөөд энэ өмнөх оны мөн үеэс 2% буурсан үзүүлэлт юм. Харин өөрийн хөрөнгийн өгөөж 20.5% хүрсэн өмнөх оны мөн үеэс 5 нэгжээр өссөн, өмнөх улирлаас 0.8 нэгжээр буурсан үзүүлэлт болж байна.
Өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа 22.06% гарлаа.
Арилжааны банк нь Монголбанкаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллах ёстой байдаг бөгөөд эдгээр үзүүлэлтүүдээс өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон хөрвөх чадварын үзүүлэлтүүдийг графикт харуулав.
Өөрийн хөрөнгийн хүрэлцээ гэдэг нь тухайн банк санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлээс гарах алдагдлыг хаахад хүрэхүйц өөрийн хөрөнгөтэй эсэхийг тодорхойлдог үнэлгээ бөгөөд Монгол банкнаас уг үзүүлэлтийг 12%-с өндөр байхыг шаарддаг. Төрийн банкны хувьд уг үзүүлэлт 22% байгаа нь бусад банкнуудтай харьцуулахад "Голомт Банк"-аас 3 нэгжээр өндөр, "Богд банк"-аас 12 нэгжээр бага байна.
Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа нь тухайн банк харилцагчийн өмнө хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлэх чадварыг харуулдаг бөгөөд Монголбанкнаас уг үзүүлэлтийн хамгийн багадаа 25%-с их байхыг шаарддаг. Төрийн банкны хувьд уг үзүүлэлт 34% буюу шаардлага хангаж ажиллаж байгааг илэрхийлж байна.
Хувьцааны ханш харьцангуй тогтвортой байна.
Төрийн банкны хувьд хоёрдогч зах зээлийн арилжаа нь 2022.10.11 өдөр эхэлсэн бөгөөд хувьцааны ханш нь хамгийн оргил үедээ 70 орчим хувийн өсөлт үзүүлж байсан он гарснаас хойш ханш харьцангуй тогтвортой байна. Одоогийн байдлаар ханш нь IPO хийсэн (₮590) ханшаас 1.6%-н өсөлттэй буюу ₮599 орчимд ирсэн байна.
Мөн үнэ ашгийн харьцаа (P/E) нь 4.7x байгаа нь ТОП 20 компанийн дунджаас 5.5 нэгжээр бага буюу хамгийн хямд 3 хувьцааны нэгт орсон үзүүлэлттэй байна. Үнэ дансны үнийн харьцаа (P/B) 0.87x байгаа нь хувьцааны ханш харьцангуй хямд үнэлэгдсэн байна.
Төрийн банкны тухай
Төрийн банк нь анх 2009 онд Сангийн яам болон Хадгаламжийн даатгалын корпорацын хөрөнгө оруулалтаар байгуулагдсанаас хойш өдгөө 494 салбар нэгжээрээ дамжуулан 1.9 сая иргэдэд хүрч үйлчилж байна. Төрийн банкны стратеги нь дундаж болон дунджаас доогуур орлоготой иргэдийг дэмжихэд чиглэдэг. Монгол улсын хэмжээнд тэтгэвэр болон нийгмийн халамжийн мөнгө олгох үйл ажиллагааны 80 гаруй хувийг дангаар гүйцэтгэж байна. Мөн Moody's зээлжих чадварын үнэлгээ B3, тогтвортой байна.
Та бүхэн манай "Bankreformer" үйлчилгээний вэб сайтаар зочлон банкны салбарын судалгаа, мэдээллийг тогтмол авах боломжтой. "Bankreformer" үйлчилгээний вэб хуудас руу нэвтрэх бол энд дарна уу.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Төрийн банк
Хувьцаа
Хаалтын ханш
Хаалтын огноо
Хамгийн дээд
Хамгийн доод
Үйлдэл | Огноо | Симбол | Үнэ | Хэмжээ | Биелэлт | Нийт дүн | Төлөв | Шимтгэл | Нөхцөлийн хугацаа |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
No data |
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх