Богд банкны ашиг IPO хийсэн үеэс 2 дахин өссөн ч, ханш 20 гаруй хувиар уналттай байна
ГОЛ ӨНЦӨГ
- Богд банкны 2023 оны 1-р улирлын цэвэр ашиг ₮6.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 98%-иар өссөн гүйцэтгэлтэй гарлаа.
- Балансын хувьд өмнөх оны мөн үеэс нийт хөрөнгө 53%, цэвэр зээл 52%, өөрийн хөрөнгө 21%-аар тус тус өссөн байна.
- Харин хувьцааны ханшийн хувьд IPO хийснээс хойш 25%-ийн бууралттай байгаа ба одоогийн байдлаар үнэ ашгийн харьцаа P/E=5.2x, үнэ дансны үнийн харьцаа P/B=0.9x байна.
Богд банкны өөрийн хөрөнгийн өгөөж 2 дахин өсжээ.
2023 оны 1-р улирлын байдлаар тус банкны цэвэр зээлийн багц 52%-аар өссөн байна. Зээлийн багц өсөхийн хирээр чанаргүй зээлийн хувь бага зэрэг өсөж 3.6%-аас 4.7%-д хүрсэн байна. Гэсэн хэдий ч системийн ТОП 5 банктай харьцуулахад харьцангуй бага чанаргүй зээлийн хувьтай байна. Харин цэвэр ашиг 2 дахин нэмэгдсэн бөгөөд өөрийн хөрөнгийн өгөөж 19.4% болж нь өмнөх жилээс 9.8 нэгж хувиар буюу 2 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Ашигт ажиллагаа өсөж байгаа ч хувьцааны ханш тогтвортой хэвээр байна.
Компани нь 2023 онд хувьцаагаа 20 хуваасан билээ. 2023.04.21-ний байдлаар компанийн хувьцааны ханш нь IPO хийсэн (₮127) ханшаас 25%-аар буурч 95 орчимд ирсэн байна. 2022 оны сүүлээр ханш хамгийн багадаа ₮85 хүрсэн бөгөөд үүнээс хойш харьцангуй тогтвортой арилжаалагдаж байгаа юм. Компанийн санхүүгийн үзүүлэлтүүд, орлого ашиг нэмэгдэж байхад үнэ хямдарч байгаагаас харахад хөрөнгө оруулагчдын хувьд илүү сонирхох нөхцөл бүрдэж байна. Түүнчлэн үнэ ашгийн харьцаа(p/e) нь 5.2x байгаа нь ТОП 20 компанийн дунджаас 5 нэгжээр бага буюу хамгийн хямд 4 хувьцааны нэгт орсон үзүүлэлттэй байна. Үнэ дансны үнийн харьцаа(p/b) 0.92x байгаа нь хувьцааны ханш илүү бодит үнэ цэндээ байгааг илтгэж байна.
Ашигт ажиллагаа 2 дахин өсжээ.
Богд банкны 2023 оны 1-р улирлын гүйцэтгэлээс харахад хүүгийн орлого өмнөх оны мөн үеэс 81% өсөлттэй байлаа. Үүнд зээл болон үнэт цаасны хүүгийн орлого 71% болон 96%-аар тус тус өссөн нь голчлон нөлөөлжээ. Харин хүүгийн зардал өмнөх оны мөн үеэс 104% өссөнд бодлогын хүүгийн нөлөөгөөр хадгаламж болон зээлийн хүүд төлсөн зардал нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Зардал өссөн хэдий ч цэвэр хүүгийн орлого 81%-аар өсөж улмаар цэвэр ашиг 98%-аар буюу 2 дахин өсөлттэй байлаа.
Нийт хөрөнгийн хувьд 2018 оноос хойш өсөлттэй байгаа бөгөөд 2023 оны 1-р улиралд өмнөх оны мөн үеэс 44%-иар өссөн байна. Үүнд хөрөнгө оруулалт болон зээлийн өсөлт голчлон нөлөөлсөн байна. Харин ашигт ажиллагааны нөлөөгөөр өөрийн хөрөнгө жилийн өмнөхөөс 21%-аар өссөн үзүүлэлттэй байна.
Өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа хамгийн өндөр
Арилжааны банкнуудын хувьд Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллах шаардлагатай байдаг. Эдгээр үзүүлэлтүүдээс өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон хөрвөх чадварын үзүүлэлтүүдийг графикт харуулав. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа нь тус банкны хувьд 34% байгаа нь бусад банкнуудтай харьцуулахад хамгийн өндөр түвшинд байна. Энэ үзүүлэлт нь тухайн банк одоогийн байгаа өөрийн хөрөнгийн түвшинд хэр их хэмжээний эх үүсвэр татаж, томрох боломжтойг харуулдаг бөгөөд Монголбанкны шалгуур 12% руу дөхөх тусам энэ боломж хязгаарлагдмал болдог.
БОГД БАНКНЫ ТУХАЙ
Богд банк нь 2014 онд байгуулагдсан хэдий ч богино хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж банкны салбарт өөрсдийн гэсэн байр сууриа эзлэн, орчин үеийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, өдгөө 56,000 гаруй харилцагч, 190 гаруй ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Улаанбаатар хотод 12, Эрдэнэт хотод 1 салбартай.
Богд банк нь Монголын банкны салбарт хийгдэж буй реформтой холбоотойгоор хамгийн анхны банкны IPO хийж, нийт хувьцааныхаа 20 хувь буюу 12,500,000 ширхэг хувьцааг нэгжийн 2,540 төгрөгөөр нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжаанд 1,243 хувь хүн, аж ахуйн нэгжээс нийт 33.2 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирж, татан төвлөрүүлэх зорилтот дүнгээс 4.6% давсан үзүүлэлт болсон юм. Түүнчлэн 2023 онд хувьцаагаа 20 хуваасан бөгөөд хувьцааны ханш харьцангуй тогтвортой арилжаалагдаж байна.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ
Богд банкны 2023 оны 1-р улирлын гүйцэтгэлээр орлого 81%, ашиг 98% өссөн өндөр гүйцэтгэлтэй байлаа. Харин хувьцааны ханш нь анх IPO хийсэн үетэй харьцуулахад 25%-аар буурсан үзүүлэлттэй байна. Ийнхүү хувьцааны үнэлгээг тодорхойлдог үнэ ашгийн харьцаа P/E=5.2x байгаа нь Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудаас хамгийн хямд 4 хувьцааны нэгд ороод байна. Нөгөө талаар үнэ дансны үнийн харьцаа P/B=0.92x байгаа нь илүү бодит үнэ цэнэ дээрээ ирсэн байгаа юм.
ТАЙЛБАР
Өөрийн хөрөнгийн өгөөж: Return on Equity буюу RoE үзүүлэлт нь сүүлийн 12 сарын нийт цэвэр ашгийг дундаж өөрийн хөрөнгөд харьцуулж тооцох замаар нэгж эздийн өмчид ногдох ашгийн хувийг илтгэдэг харьцаан үзүүлэлт юм.
Хэрвээ та Банкнуудын IPO-той холбоотой “Банк Реформер” хөрөнгө оруулалтын цогц зөвлөх үйлчилгээ авах бол энд дарна уу.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Богд банк
Хаалтын ханш
Хаалтын огноо
Хамгийн дээд
Хамгийн доод
Үйлдэл | Огноо | Симбол | Үнэ | Хэмжээ | Биелэлт | Нийт дүн | Төлөв | Шимтгэл | Нөхцөлийн хугацаа |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
No data |
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
1 Сэтгэгдэл
95****51
Хувьцаанийхаа ханш харае
0
0
Сэтгэгдэл үлдээх