МХБ I ангиллын ХК-уудын хөрвөх чадвар 83 хувиар буурчээ
ГОЛ ӨНЦӨГ:
- Сүүлийн 5 жилийн хугацаанд Монголын хөрөнгийн биржийн I ангиллын 20 хувьцаат компанийн өдрийн дундаж арилжааны дүн 2.4 дахин өсөж, тус үзүүлэлт нь 2022 оны эхний 7 сарын байдлаар 16.2 сая төгрөгт хүрээд байна.
- Гэсэн хэдий ч энэ үзүүлэлт нь 2022 оны эхнээс 83 хувиар буурсан бол 6 сартай харьцуулахад 17.2%-иар өсөөд байна.
- Өдрийн дундаж арилжааны хэмжээгээр энэ сард өмнөх сартай харьцуулахад 18 компани бага зэрэг буурсан үзүүлэлттэй байгаа бол Инвескор ББСБ ХК-ийн өдрийн дундаж арилжаа 40%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Монголын хөрөнгийн биржийн I ангиллын 20 хувьцаат компанийн хөрвөх чадварыг илтгэдэг өдрийн дундаж арилжаа 2022 оны эхний 7 сард эхний 6 сартай ойролцоо түвшинд буюу 16.2 сая төгрөг байна. Энэ сард Инвескор ББСБ ХК-ийн арилжааны идэвх нэмэгдсэн бол бусад компаниудын арилжааны идэвх бага зэрэг бууралт үзүүлсэн байна. Харин Ард Санхүүгийн Нэгдэл, АПУ, Монос Хүнс болон Түмэн шувуут ХК нь арилжааны дунджаасаа дээгүүр үзүүлэлттэй байна.
Монголын хөрөнгийн биржийн I ангиллын 20 хувьцаат компанийн өдрийн дундаж арилжааг жилээр харвал сүүлийн 5 жилийн хугацаанд буюу 2017-2021 оны хооронд 4.1 дахин өссөн байна. Түүнчлэн 2022 оны эхний 7 сарын байдлаар 16.2 сая төгрөгт хүрсэн нь 2017 оноос 2.4 дахин өссөн үзүүлэлт бол энэ нь өмнөх жилээс 41 хувиар буурсан харин өмнөх сартай ойролцоо үзүүлэлт байна.
Харин сараар харвал сүүлийн 7 сарын хугацаанд өдрийн дундаж арилжааны дүн бууралттай байгаа ба 7-р сард энэ оны 1 сараас 6 дахин буюу 83 хувиар буурсан бол өмнөх сараас 17.2 хувиар өссөн байна. Энэ нь үнэт цаасны бүртгэлийн ангилал шинэчлэгдэж Баянгол зочид буудал болон Хөвсгөл алтан дуулга ХК нарын бүртгэл I ангиллаас II ангилал руу шилжсэнтэй холбоотой байна.
Нийт арилжааны идэвхийг ажиглавал 2022 оны I ангиллын компаниудын арилжааны нийт дундаж нь 2.2 тэрбум төгрөг ба Ард Санхүүгийн Нэгдэл, АПУ, Монос Хүнс, болон Түмэн Шувуут ХК нь дунджаасаа дээгүүр үзүүлэлттэй байгаа нь I ангилал дундаа идэвхтэй арилжаалагдаж, хөрөнгө оруулагчдын дунд илүү үнэлэгдэж байгаагийн нэгэн илрэл юм.

Арилжааны идэвхийг дэлгэрүүлэн энэ сард идэвхтэй арилжаалагдсан Инвескор ББСБ ХК-г жишиг компаниар авлаа. Инвескор ББСБ ХК-ийн түүхэн арилжааны идэвх болон сарын арилжааны идэвхийг харвал 2020 оноос өнөөдрийг хүртэл арилжааны идэвх 2.8 дахин өссөн ба 2022 оны 7 сарын байдлаар 2019 онд IPO хийсэн үеийн өдрийн дундаж арилжаад хүрээд байна. Сараар харвал арилжааны идэвх 4 сараас хойш сул байсан бол 7-р сард эргэн сэргэсэн байна. Тус компанийн хувьд өдрийн дундаж арилжааны дүн өссөн нь хувьцааны ханшаас хамаарал багатай бөгөөд хөрөнгө оруулагчид тус хувьцааг илүү сонирхолтой гэж үзэх хандлага ажиглагдаж байна.
Гэсэн хэдийн ч та бүхэнд анхааруулахад, дан ганц энэхүү өдрийн дундаж арилжааны дүнд тулгуурлан арилжааны идэвх сайн, муу гэж хувьцааг дүгнэх нь учир дутагдалтай ба цаана нь компанийн үйл ажиллагаа явуулж буй салбар, цаашдын өсөх боломж зэргийг судалж байж хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтдаа ашиглах нь зүйтэй юм.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ
Энэ сарын байдлаар Монголын хөрөнгийн биржийн I ангиллын 20 хувьцаат компаниас 18 компанийн хөрвөх чадвар өмнөх сараас бага зэрэг буурсан байна. Харин Инвескор ББСБ ХК-ийн өдрийн дундаж арилжаа 40%-иар өссөн үзүүлэлттэй байна. Ерөнхийдөө 2022 оны эхнээс биржийн арилжааны идэвх буурсаар байгаа ба зах зээлийн үнэлгээ ч мөн 5.8-с 4.8 их наяд төгрөг хүртэл унаснаас харахад зах зээл уналттай байгааг тодорхой харж болохоор байна. Мөн Үндэсний их баяр наадам тохиосон 7-р сард өмнөх сарын адил идэвх сул байсан байна. Харин 8-р сараас эхлэн арилжааны идэвх сайжрах хүлээлттэй байгаа ба энэ нь шинээр гарч байгаа IPO-тэй холбоотой юм.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргээд явдаг ба хэрвээ та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Хөрвөх чадвар
Арилжаа
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх